ШУУРХАЙ: "Романс" залилангийн хохирогч болсон 70 настай монгол эрэгтэйн хар тамхи тээвэрлэсэн хэргийн шүүх хурал Хонконгод удахгүй болно

ШУУРХАЙ: "Романс" залилангийн хохирогч болсон 70 настай монгол эрэгтэйн хар тамхи тээвэрлэсэн хэргийн шүүх хурал Хонконгод удахгүй болно

Монгол Улсын иргэн 70 настай эрэгтэй нь "романс" залилангийн хохирогч болж, улмаар хар тамхи тээвэрлэхийг задвсан хэргээр Хонконгод баригдсан хэрэг саяхан гарчээ. 

Тодруулбал, тухайн иргэн нь цахим сүлжээгээр нэгэн европ эмэгтэйтэй танилцаж, улмаар хорт хавдартай гэх эмэгтэй нь өв хөрөнгөө түүнд шилжүүлж, буяны зориулалтаар өгөхөөр болж хуурсан байна. Ингээд удалгүй эмэгтэйг нас барсан талаар түүний сувилагч мэдэгджээ.

Ингээд Монгол Улсын иргэн Т нь хандив байршсан гэх Африкийн Того Улсын банкны ажилтантай холбоо тогтооход "Банкаар гуйвуулж болохгүй Бразилд оч. Тэнд банк нь сайн үйлчилдэг" хэмээн явуулсан байна. Улмаар Т нь Бразилаас Хонконг улс руу явахаар болоход түүнд "Хонконг дахь банкны захирлын эхнэрт өгөөрэй" хэмээн чемоданд гоо сайхны шампунь, эмэгтэй хүний хувцас зэргийг өгч явуулжээ.

Гэтэл тухайн шампунь, гоо сайхны бараанд хар тамхи байсан нь шалгалтаар илэрч, тэрбээр Хонконгод сүүлийн есөн сар гаруй хугацаанд хоригдоод байгаа аж.

Өдгөө Монголын холбогдох төрийн байгууллагаас Хонконгийн талтай холбоо тогтоож, 70 настай тухайн Монгол улсын  иргэнийг батлан даалтад гаргаад байгаа бөгөөд удахгүй түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал нь болохоор хүлээгдэж байгаа аж. Иргэдэд сануулахад сүүлийн жилүүдэд манай зарим иргэд цахим гэмт хэргийн хохирогч болох нь эрс нэмэгдэж, мөн "романс" залиланд өртөж эд хөрөнгөөрөө хохирох нь ихээнхэн нэмэгдэх болсон гэдгийг албаныхан анхааруулж буй.