Н.Баярмөнхийн гарааш буулгах, хөл хорих “гэнэт”-ийн захирамжаар хоёр хүн амиа алдсан ч, түүнд хариуцлага тооцолгүй УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байна

Н.Баярмөнхийн гарааш буулгах, хөл хорих “гэнэт”-ийн захирамжаар хоёр хүн амиа алдсан ч, түүнд хариуцлага тооцолгүй УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байна

Улс төрийн нам, эвслүүдээс 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ирэх даваа гараг /2024.06.10/-т нэр дэвшигчийн батламжаа гардаж авна. Нэр дэвшигчдийг олон нийт өөр өөрийнхөөрөө дүгнэж, сайшаах, буруушаах нь энэ тэнцүү байгаа. Тэгвэл бид нэр дэвшигчдийн хэн нь ямар хэрэгт холбогдож байсан, тухайн хэрэг нь хэрхэн шийдэгдэж байв гэдгийг эргэн сануулж, энэ талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.

ВИДЕО:

 

-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРООНД ГЭНЭТИЙН ХӨЛ ХОРИО ТОГТООСНООС НЭГЭН ЭЭЖ ЦАГДААД ХАНДАЖ ЧАДААГҮЙ БАЙСААР АМИА ЕГҮҮТГЭЖ БАЙВ-

Тэгвэл энэ удаад өнгөрсөн жилийн наймдугаар сард болсон /2023.08.09/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIII хуралдааны үеэр хараалын үг урсгаж, салаавч гаргаж, олны хараанд өртсөн "шөнийн клубын босс" гэгддэг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн талаарх мэдээллийг хүргэж байна. Зодоон цохионы хэргээр цагдаад шалгагдаж байсан гэх дуулианд нэр холбогдож явсан түүний хувьд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй олон асуудалд нэр дурдагдаж байсан ч ямар нэгэн байдлаар шалгагдаж, хуулийн хариуцлага хүлээсэн талаар мэдээлэл гарч байгаагүй. 

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн "Хөл хорио тогтоох" тухай захирамж

Тухайлбал, Ковидын үед буюу 2021 оны гуравдугаар сарын 17 /2022.03.17/-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нь захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд "гэнэтийн хатуу хөл хорио" тогтоож байлаа.

Энэ үеэр тус хорооны Элизабет хотхоны 15 давхраас нэгэн эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Тус хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдсэн ч шүүхийн шийтгэх тогтоолд тухай эмэгтэйг “Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргахаар бэлдэж байсан ч 26 дугаар хороонд хатуу хөл хорио тогтоосон тул цагдаад хандаж чадаагүй” талаар дурдсан байдаг. Энэ харамсалтай үйл явдалд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн үндэслэл, судалгаа муутай захирамжтай холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл гарч, иргэд шүүмжилж байсан цаг саяхан. Гэсэн ч эл асуудалд түүнийг холбогдуулан шалгасан эсэх талаарх мэдээлэл байдаггүй. 

Шүүхийн шийтгэх тогтоолын хэсгээс

-Н.БАЯРМӨНХИЙН ЗАХИРАМЖИЙН ДАГУУ "ГАРААШ БУУЛГАХ" АЖИЛД СӨХ-НЫ АЖИЛТНЫГ ОРОЛЦУУЛЖ ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧ БАЙЛАА-

Мөн 2022 оны наймдугаар сарын 25 /2022.08.25/-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын А/61 тоот захирамжаар газар чөлөөлөх ажил гүйцэтгэх явцад дахин нэг хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байдаг. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цайз зах” орчимд гарааш буулгаж, газар чөлөөлөх ажил явагдаж байхад тус хорооны 72-р хотхоны дугаар байранд нөхөр, зээгийнхээ хамт амьдардаг 58 настай Т гэх эмэгтэйн бетонд даруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгт мөн дүүргийн Засаг дарга Н.Баянмөнхийг ажлын хариуцлага алдаж, өөрийнх нь гаргасан захирамжтай холбоотойгоор хүний амь нас эрсдлээ хэмээгдэж байсан ч уг асуудал мөн тэгэсхийгээд намжсан байдаг. 

Хэргийн газрыг цагдаагийн байгууллагаас хамгаалалт авч, шалгаж байв

Энэ мэтээр төрийн алба хашиж буй түүний захирамжтай холбоотой хоёр ч хүний алтан амь эрсдсэн ч түүнийг хуулийн байгууллагаас шалгасан эсэх, ёс зүйн хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй замхарсан юм. 2002 онд “Старжин” ХХК-ийг байгуулж, “Hollywood” гэх фитнес клуб болон шөнийн клубыг нээж бизнест хөл тавьж байсан түүнийг 2008 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байхад бакалаврын дипломгүй байж ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо хэмээн шүүмжлэх хүн олон байсан. Харин тэрбээр үүнээс хойш буюу 2009 онд “Хартфорд институт” гэх сургуулийг зочид буудал, аялал жуулчлалын менежер чиглэлээр суралцаж төгссөн бол 2010 онд Удирдлагын академийг төгссөн гэх мэдээлэл байна.