ВИДЕО: "Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна" гэж мэдээлэл хийлээ

ВИДЕО: "Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна" гэж мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хамаарал бүхий сүлжээгээрээ дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй хэмээн Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгуулахаар хандаж байгаа талаар мөрч.мн мэдээллийн сайтын сэтгүүлч Х.Ган-Ялалт өнөөдөр /2024.06.07/ мэдээлэл хийлээ.

ВИДЕО:

 

Тэрбээр "Murch.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид 1.6 жил ажилласан материалаа боож баримтжууллаа. Тус материалаас үзэхэд Монгол Улсын эдийн засагт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй улс төрийн өндөр албан тушаалтан түүний хамаарал бүхий этгээдүүдээрээ хувь эзэмшүүлж, гадаадаас хөрөнгө оруулсан нэрээр их хэмжээний мөнгө угаадаг байж болзошгүй үйлдэлд Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамааралтай байна гэж үзээд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд хандаж байна. Бид ингэхдээ найман үндэслэлийг дурдаж байгаа.

Х.Баттулга нь хамаарал бүхий сүлжээгээрээ 868.2 сая ам.доллар, 59.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг зүс хувиргаж,  хөрөнгө буюу их хэмжээний мөнгө угаасан хууль бус үйлдэл байж болзошгүй байна.

Тухайлбал, "Женко холдинг групп"-ийн дүрмийн сан  1 сая ам. доллар, Тайландын хаант улсын "Бангкок групп"-д 433 сая ам.доллар зэрэг 11 компаниар дамжуулан 868.2 сая ам.доллар, 52.9 тэрбум төгрөгийг угаасан байж болзошгүй байгаа. Мөн 20 компаниар дамжуулан өмч хувьчлалыг өөрийн талд илт давуу байдал бий болгож томоохон үйлдвэрүүдийг үнэгүйдүүлж, хувьчилж авсан, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй байна. 

Х.Баттулгын хамаарал бүхий  "Женко холдинг групп"-ийн олон улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг шалгаж, нэр бүхий 10 компанийг ашиглаж, өндөр албан тушаалын давуу байдлаа түрий барьж, мөнгө угаасан байж болзошгүй 25 сая ам.доллар, 1.4 тэрбум төгрөгийн гүйлгээг шалгуулах ёстой гэж үзлээ. Мөн Х.Баттулгад хамаарагддаг төлөгдөөгүй 27.6 тэрбум, 326.2 сая ам.долларын өрийн жагсаалтыг гаргасан. Үүнийг шалгуулахаар хандаж байгаа. Түүнчлэн сүүлийн үед хамгийн ихээр анхаарал татаад байгаа хар тамхины асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүүхдүүд нэр холбогддог. Гэтэл ямар нэгэн байдлаар хуулийн хариуцлага хүлээдэггүй. Тиймээс эл хэргийг ч шалгах ёстой гэж үзэж байна" гэлээ.