ШУУРХАЙ: УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шүүхэд хандсан Б.Хурцын нэхэмжлэлийг өнөөдөр хэлэлцэх бол, С.Баярцогт нарын гомдлыг хүлээн авахаас татгалзжээ

2024-06-07 12:44

ШУУРХАЙ: Б.Хурцын нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших боломжгүй боллоо

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хүмүүс УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороог холбогдуулан шүүхэд гомдол гаргаад байсан бөгөөд Б.Хурцын гомдлыг өнөөдөр /2024.06.07/ шүүх хэлэлцэв. 

Тодруулбал, Б.Хурц нь өнгөрсөн тавдугаар сарын 29 /2024.05.29/-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний хувиар Сонгуулийн ерөнхий хороог холбогдуулж "АН-аас нэр дэвшигч Б.Хурцыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа нь хууль зөрчиж байна. Тиймээс СЕХ-ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгүүлэх"-ээр шүүхэд хандаад байсан юм. 

Тэгвэл нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус гомдлыг өнөөдөр /2024.06.07/ хэлэлцээд Б.Хурцын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй боллоо. 

2024-06-07 07:48

ШУУРХАЙ: УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шүүхэд хандсан Б.Хурцын нэхэмжлэлийг өнөөдөр хэлэлцэх бол, С.Баярцогт нарын гомдлыг хүлээн авахаас татгалзжээ

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хүмүүс УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороог холбогдуулан шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг өнөөдөр /2024.06.07/ нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр товлосон байна. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 29 /2024.05.29/-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний хувиар Сонгуулийн ерөнхий хороог холбогдуулж шүүхэд хандсан байдаг.

Ингэхдээ "АН-аас нэр дэвшигч Б.Хурцыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа нь хууль зөрчиж байна. Тиймээс СЕХ-ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгүүлэх"-ээр шүүхэд хандсан юм.  

Харин Сангийн сайд асан С.Баярцогтын нэр багтсан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хүлээж авахаас татгалзсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар буюу "Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэх үндэслэлээр энэ сарын 04 /2024.06.04/-ний өдөр дээрх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй шүүх хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.