Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэх залуус, тэр дундаа урлаг соёлын салбар, олны танил уран бүтээлчдийн тоо эрс нэмэгдэж, энэ хэрээрээ нийгэмд олон сөрөг үр дагавар гарч байгаа гэдгийг албаныхан хэлж, анхааруулсаар байгаа. Гэсэн ч энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг гарсаар, залуус эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна.
Тухайлбал, Артист 168 буюу Х.Тэнгис, Артист “Морнингстар” буюу Б.Аззаяа, Ice top хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар, аялагч Амай буюу Золбаяр нарын уран бүтээлчид хар тамхины хэргээр зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээгээд байгаа.
Тэгвэл Гүрвэл буюу 113 нэрээр уран бүтээл туурвидаг артист н.Очирваань нь мөн л хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэж байгаад саяхан хуулийн байгууллагад баригдсан байна.
Улмаар түүнд холбогдох хэргийг шалгаж, шүүхээс 20 хоног баривчилж, 40 цагийн албадан сургалтад суух шийтгэл оногдуулсан байна. Гэвч тэрбээр шүүхийн уг шийтгэлийг одоог хүртэл биелүүлээгүй, гадуур байгаа аж. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлэхээр н.Очирваанийг Албадан саатуулах байранд хүргэсэн байна.
Гэвч түүний цуснаас авсан шинжилгээнээс хар тамхи, мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр илэрсэн тул шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, түүнийг албадан саатуулах боломжгүй болжээ.
Учир нь тус саатуулах байранд цусны шинжилгээнээс энэ төрлийн бодис илэрсэн зэрэг иргэдийг албадан саатуулах нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл дагуулна хэмээн хуулиараа саатуулж болдоггүй аж. Тиймээс Гүрвэл гэх н.Очирваань нь өдгөө гадуур эрх чөлөөтэй, мансуурсан байдалтай явж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. Ташрамд өгүүлэхэд, Хар тамхитай тэмцэх газар өнгөрсөн 2023 онд хар тамхи, мансууруулах төрлийн эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 286 хүнд холбогдох 214 гэмт хэргийг илрүүлж, 15 нэр төрлийн 75,012 хэрэглэгч нэг удаа хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авч хууль бус хэрэглээг таслан зогсоосон байдаг.
Түүнчлэн 2022 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон өвчин намдаах үйлчилгээтэй эмийг урвуулан хэрэглэсний улмаас 9 иргэн амь насаараа хохирсон байдаг юм. Манай улсад хар тамхи, мансууруулах төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн иргэдэд ногдуулах ял, шийтгэл хөнгөн байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлж байна гэдгийг хэлэх хүн олон байна. Тиймээс хуулийг чангатгаж, Монголынхоо ирээдүй болсон залуусыг энэ төрлийн тахалд нэрвүүлэхгүй байхыг хууль тогтоогчдоос хүсэж байна.