Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь “Баян шувуу" ХХК-ийн үйлдвэрийн барилгад өнөөдөр /2024.06.04/ томоохон хэмжээний гал гарч Онцгой байдлын Гал унтраах, аврах гурван ангийн 40 алба хаагч галыг унтраахаар ажилласан. Иймд iSee.mn мэдээллийн сайт олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс галын ослын нөхцөл байдлыг Баянчандмань сумын “Баян” өндөгний аж ахуйгаас шууд дамжуулан хүргэлээ.
ҮЗЭХ:
Ослын талаар гал унтраахаар ажилласан Онцгой байдлын алба хаагч “Гал гарсан гэх дуудлага мэдээлэл Нийслэлийн ОБГ-ын шуурхай удирдлагын төвд 2024 оны зургаадугаар сарын 04-ны өдрийн өглөөний 04:52 цагт Төв аймгийн Баянчандманьд өндөгний үйлдвэр шатаж байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу эхний дуудлагаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн ирсэн. Нэмэлт дуудлагаар Төв аймгийн Батсүмбэр суман дахь 84 дүгээр ангийн бүрэлдэхүүн. Мөн нэмэлт дуудлагаар Баянгол дүүргийн ОБ-ын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн ирсэн. Ингээд нийт гурван ангийн 7 нэгж, техник 49 алба хаагч уг гал түймрийн голомтод ажиллаж гал түймрийн тархалтыг 08:50 цагт зогсоож, 14:20 цагт бүрэн унтрааж дууслаа. Гал түймрийн хохирлыг мэргэжлийн байгууллага тогтоохоор ажиллаж байгаа. Гал унтраах явцад алба хаагчид гэмтэж бэртээгүй” гэлээ.
Тус үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн. Үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байжээ. Түүнчлэн галд өртсөн “Баян” өндөгний аж ахуйн дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг хангадаг. Мөн 400 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажилладаг томоохон үйлдвэрлэгч юм. Тус байгууллага ирэх онд дотоодын өндөгний хэрэгцээний 70 хувийг хангадаг болох зорилт тавьж, өндөглөгч тахианы тоогоо нэмэгдүүлэн ажиллаж байсан аж.