УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 27-28-ныг шилжих шөнө нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчлаад сулласан билээ.
Тэгвэл Ц.Гарамжавыг яллагдагчаар татан, Монгол Улсын хилээр гарахыг хориглох зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас тавдугаар сарын 31-ний /2024.05.31/ өдөр яллагдагч Ц.Гарамжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд хүргүүлсэн байна. Шүүхээс уг саналыг хэлэлцээд Ц.Гарамжавыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.