ШУУРХАЙ: Б.Хурц, С.Баярцогт нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороог холбогдуулан шүүхэд гомдол гаргажээ

ШУУРХАЙ: Б.Хурц, С.Баярцогт нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороог холбогдуулан шүүхэд гомдол гаргажээ

УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг баривчилсан нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Сангийн сайд асан С.Баярцогт нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шүүхэд хандаад байгаа үйл явдалтай давхцаж буй нь анхаарал татаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Б.Хурц, С.Баярцогт нарын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн аваад байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нь энэ сарын 29-ны өдөр /2024.05.29/ АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний хувиар Сонгуулийн ерөнхий хороог холбогдуулж шүүхэд хандсан байна. Ингэхдээ "АН-аас нэр дэвшигч Б.Хурцыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа нь хууль зөрчиж байна. Тиймээс СЕХ-ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэхүүлэх"-ээр шүүхэд хандсан байна. 

Харин Сангийн сайд асан С.Баярцогтын хувьд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо Сонгуулийн ерөнхий хороог холбогдуулж, "АН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа" талаарх гомдол гаргажээ. Уг гомдолд С.Баярцогтын нэр багтсан байна. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх эдгээр гомдлыг хүлээн аваад байгаа аж. Уг гомдлыг хэлэлцэх хуваарь одоогоор гараагүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Эргэн сануулахад, АН-аас СЕХ-нд 32 дугаар тогтоол болон 126 нэр дэвшигчийн мэдээллийг хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн байдаг. Мөн төрийн байгууллага, албан тушаалтанд гаргах журмын дагуу АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтоос 09 дүгээр тогтоол, АН-ын хуульч Д.Оросоогоос “Энэ тогтоолд техникийн алдаа гарсан байна” гэдэг 74 хүний баримт бүхий хавсралтыг тус тус ирүүлсэн. Тиймээс АН-аас нэмэлт тайлбар мэдээлэл авахаар хандаад байгаа талаар СЕХ-ноос мэдээлсэн. Улмаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс Ардчилсан намын 32 дугаар тогтоол хүчин төгөлдөр гэдгийг тодотгож, хариу тайлбарыг хүргүүлсэн аж. Өөрөөр хэлбэл тус 32 дугаар тогтоолд Б.Хурц, С.Баярцогт нарын нэр байгаагүй байна. Энэ утгаараа СЕХ тэднийг нэр дэвшигчээр бүртгээгүй гэх мэдээлэл байгаа юм.