НЭГ СЭДЭВ: Ж.Чинбүрэн нарын улсын төсөвт "гэнэдүүлж" оруулсан барилгыг худалдан авах тендер зарлагджээ /ВИДЕО/

НЭГ СЭДЭВ: Ж.Чинбүрэн нарын улсын төсөвт "гэнэдүүлж" оруулсан барилгыг худалдан авах тендер зарлагджээ /ВИДЕО/

УИХ-ын 17 гишүүн нийлж, Ажлын хэсэг гээчийг байгуулж байгаад улсын төсөвт 212 төслийг гэнэдүүлж оруулж ирэхдээ үйлчилгээний зориулалттай зургаан давхар барилгыг урьдчилж бэлдээд "эмнэлэг" болгоно хэмээн 40 тэрбум төгрөгөөр худалдан авах гэж байгаа талаарх ноцтой баримтыг бид өмнө нь дэлгэж байсан билээ. Тэгвэл тухайн эмнэлгийн барилгыг худалдан авах тендер саяхан зарлагджээ. Энэ талаарх баримт мэдээллийг бид "НЭГ СЭДЭВ" буландаа онцолж байна. 

ВИДЕО: 

Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нарын гишүүд магадгүй тойргоо услахын тулд хэн нэгнийх нь ашиг сонирхол орсон байж болзошгүй үйлчилгээний зориулалттай дутуу баригдсан барилгыг эмнэлэг нэрийн дор улсад худалдан авахаар төлөвлөөд байсан.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд байрлах Сүү" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн П.Мэндсайханы "Баянтэгш импекс" ХХК-ийн зургаан давхар үйлчилгээний зориулалттай барилгыг 1 мкв-ыг нь 12 сая орчим төгрөг буюу нийт 40 тэрбум төгрөгөөр улсад худалдан авахаар 2024 оны төсөвт суулгасан байсан юм. Тэгвэл улсын төсөвт суугдаж, батлагдсан тухайн эмнэлгийн барилгын тендерийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны газраас зарлажээ. Ингэхдээ дээр өгүүлсэнчлэн урьдчилж бэлдээд байсан үйлчилгээний зориулалттай барилгадаа тааруулан ажлын даалгавар бэлдсэн байж болзошгүй байна. 

Эмнэлгийн барилга нь төв засмал замаас 100-200 метрээс ихгүй  радиуст байрласан байх ёстой. Барилгын ажил 70 хувиас багагүй гүйцэтгэлтэй байж үл хөдлөхийн гэрчилгээ хэсэгчлэн болон бүрэн гарсан өмнө ямарваа нэгэн хэлбэрээр огт ашиглаж байгаагүй шинэ барилга байх. Таазны өндөр 4-4.5 метр байх ба эмнэлгийн зориулалттай зээл хэлбэртэй байна. Эмнэлгийн байр нь нэг дор байрлалтай зургаан давхараас дээшгүй 3360 мкв-аас доошгүй хэмжээтэй. Гаднаа автомашины зогсоолтой, өмнө нь ямарваа нэг байдлаар ашиглаж байгаагүй, шилэн гоёмсог фасадтай байна гэсэн шаардлага тавьжээ.

Мөн шаардлагатай тохиолдолд талбайг 8400-9000 м хүртэл хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой баригдсан барилга байх ёстой бөгөөд залгаа нэг дор үргэлжилсэн барилга байх шаардлагатай, өөрөөр хэлбэл тусдаа хол зайнд байхыг хориглоно гэжээ. Товчхондоо Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нарын магадгүй өмнө нь ярьж, бэлдсэн барилгыг ийнхүү тендер гэх үгээр халхавчилж, худалдан авах гэж байна уу гэх хардлага энд төрж байна.

Гэхдээ магадгүй хууль зөрчсөн байж болзошгүй энэ үйлдлийг олж харсан компани нь уг асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаад байгаа аж. Харин уг гомдлыг ШӨХТГ-аас хянаж үзээд хариуг Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн байна. Уг асуудал хэрхэн шийдэгдэх зэргээс шалтгаалж, Ж.Чинбүрэн нарын магадгүй шахааны эмнэлгийн барилгыг худалдан авах эсэх нь тодорхой болно. Баянзүрх дүүрэг эмнэлэгтэй болох гэж байгаа нь сайшаалтай. Гэвч энэ нь хэн нэгэн эрх мэдэлтэй, улстөрчийн өгөөш байх учиргүй юм.