АТГ: Ц.Гарамжав нь мөнгө угааж, эзэмшиж буй лицензүүдээ хууль бусаар олж авсан, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгагдаж байна

АТГ: Ц.Гарамжав нь мөнгө угааж, эзэмшиж буй лицензүүдээ хууль бусаар олж авсан, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгагдаж байна

УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд  АТГ-аас өчигдөр нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Авилгатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. АТГ-ын ажилтан Д.Тэмүүлэн “Өчигдөр АТГ-аас УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан этгээдийн орон гэр болон бусад холбогдох обьектуудад нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл, журамд заасны дагуу нэгжлэг хийж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан.

Уг ажиллагааны хүрээнд хуульд заасан үндэслэлийн дагуу 48 цагийн хугацаатай баривчилсан. Уг этгээд нь Хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан. Ингэхдээ мөнгө угаах буюу гадаад орнуудад бусдын нэр дээх хөрөнгө бий болгож, нуусан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн өөрийн эзэмшиж буй лицензүүдийг хууль бусаар олж авсан, мөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албатай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэж мэдээллээ.