Цэргийн ангиас байлдааны зориулалттай 700 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гарчээ.
Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангиас иргэн Н нь энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн ПС загварын 700 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн хэрэг гарсан аж. Тус хэргийг хуулийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
20.4 дүгээр зүйл. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших
1.Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тэгвэл Баянзүрх дүүргийн прокурорын газраас байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 700 ширхэг сумыг хууль бусаар тээвэрлэж, хадгалсан иргэн Б.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.