"Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн шүүх хурал тавдугаар сарын 29-нийг хүртэл хойшиллоо

"Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн шүүх хурал тавдугаар сарын 29-нийг хүртэл хойшиллоо

Бэлтэс мөрөнгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болж, шүүгдэгч П, У нараас гаргасан “өмгөөлөгчөөс татгалзах, шинэ өмгөөлөгчид хэргийн материал танилцуулах” гэсэн хүсэлтүүдийг үндэслэн шүүх хурлыг 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 11 цаг хүртэл хойшлуулсан байна.

Өмнөх шүүх хурал яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу хойшилсон. Тухайлбал, “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлага зэрэг нэр бүхий 9 яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улмаар яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг энэ сарын 27-ний өдөр хүртэл түр хугацаагаар хойшлуулсан билээ.

Хэргийг нэхэн сануулбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 213 тэрбум төгрөгийг иргэдээс татан төвлөрүүлж, Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээг тэтгэврийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд туслах нэрээр байгуулж, 2595 иргэнд 45 тэрбум 491 сая 459 мянга 600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.