ДЭМБ өнөөдөр хуралдаж олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхээ шийднэ

ДЭМБ өнөөдөр хуралдаж олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхээ шийднэ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) шуурхай хороо өнөөдөр дахин хуралдаж Хятадад гараад байгаа шинэ коронавирусийн халдварын улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийдэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт тус хороо хуралдахдаа коронавирус хүнээс хүнд халдварласан тохиолдол батлагдаагүй тул олон улсын хэмжээнд онц байдал зарлах шаардлагагүй гэж үзсэн юм.

ДЭМБ шийдвэрээ өнөөдөр орой Швейцарийн Женев хотод хуралдсаны дараа зарлана.

Одоогоор тус байгууллага коронавирусийн халдварын хүндэрсэн тохиолдлын хэмжээг 20 хувь гэж үнэлж байна. Нас баралтын хэмжээ 2 гаруй хувьтай байгаа нь SARS, MERS зэрэг бусад вирусийн халдваруудтай харьцуулахад нэлээд бага байгаа юм.

Гэвч өнгөрсөн хугацаанд Хятадад биеэр зорчоогүй зургаан хүн халдвар авсан тохиолдол бүртгэгдээд байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна гэж ДЭМБ-ын эрүүл мэндийн шуурхай хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан мэдэгджээ. Өнөөдөр өглөөний байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо Хятадын эх газарт 7,771 хүрч, нас барсан хүний тоо 170 болж нэмэгдсэн байна.