УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүдэд танилцуулж байна. Мөн үеэр тэрээр, "Алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдолд гурван асуудлыг шийдэхээр зохицуулж байгаа. Нэгдүгээрт, хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэл ард гэрт нь 100 хувь цалинг нь олгоно. 80 метр квадратаас доошгүй талбайтай байр өгнө. Хэрэв байрны талбайн хэмжээг өөрийн хүссэнээр сонгоно гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөө авах эрх нь нээлттэй. 50, 60 м.кв талбайтай байр авах эсвэл байр авах шаардлагагүй, өөр зүйл шаардлагатай гэвэл дээр дурдсан дүнгээр олгоно" гэж хариулав.