“Binance” биржийг үүсгэн байгуулагч Чанпэн Жаод дөрвөн сар хорих ял оноожээ

“Binance” биржийг үүсгэн байгуулагч Чанпэн Жаод дөрвөн сар хорих ял оноожээ

Америкийн шүүх дэлхийн хамгийн том крипто валютын биржийг үүсгэн байгуулагч Чанпэн Жаод дөрвөн сарын хорих ял оноожээ. Түүнийг “Binance” бирж дээрээ гэмт хэрэгтнүүдийг мөнгө угаах боломж олгосон хэмээн буруутгаж 4.3 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна. “Форбес” сэтгүүлийн мэдээллээр“CZ” гэж буюу Чанпэн Жао нь 33 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.

Чанпэн Жао өнгөрсөн 11 дүгээр сард “Binance”-ийн ерөнхий захирлын албан тушаалаасаа огцорч, АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруугаа хүлээсэн юм. “Binance” болон Ч.Жао хууль тогтоомжийг “санаатайгаар зөрчсөн нь” АНУ-ын санхүүгийн систем болон үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн явдал гэж АНУ-ын албаны хүмүүс өнгөрсөн 11 дүгээр сард мэдэгдэж байв.

“Binance” ашиг олохын тулд хуулиар хүлээсэн үүргээ умартсан бөгөөд түүний санаатай зөрчил нь платформоор дамжуулан террористууд, кибер гэмт хэрэгтнүүд, хүүхэд хүчирхийлэгчид рүү мөнгө урсгах боломжийг олгосон гэж Сангийн сайд Жанет Йеллен мөн мэдэгдэж байсан юм.