ВИДЕО: Грек улс Олимпын галыг Парисын талд хүлээлгэн өглөө

ВИДЕО: Грек улс Олимпын галыг Парисын талд хүлээлгэн өглөө

Грек улс 2024 оны Олимпын галыг "Парис-2024" наадмыг зохион байгуулагчдад баасан гарагт хүлээлгэн өглөө. Энэхүү ёслол 1896 онд орчин үеийн анхны Олимпын наадам болсон "Панатенаик" цэнгэлдэх хүрээлэнд болжээ.

"Бээжин-2022" наадмын алтан медальт, түүхэн дэх хамгийн амжилттай паралимпч хос болох Францын уран гулгагч Габриелла Пападакис, Беатрис Хэсс нар "Панатенаик" цэнгэлдэх хүрээлэнд Олимпын галыг буухиалжээ. Ёслолын үеэр 89 настай Грекийн дуучин Нана Мускури Франц, Грекийн төрийн дууллыг эгшиглүүлсэн байна. Олимпын галыг Афин дахь Францын Элчин сайдын яамны байранд аваачсаны дараа бямба гарагт 19 дүгээр зууны "Белем" хэмээх хөлөг онгоцоор Франц руу тээвэрлэж, ирэх тавдугаар сарын 8-нд Марсель хотод авчрах юм. "Белем" хөлгийг боомтод дөхөн ирэх үед 1000 гаруй хөлөг онгоц дагалдах болно гэж холбогдох албаны хүмүүс мэдээлжээ.

Францын усанд сэлэлтийн тамирчин Флорент Манауду нь Марсельд анх галт бамбарыг буухиалах бөгөөд түүний дараа 10 мянган хүн Францын 64 өөр газраар дамжуулан буухиалах юм. Ингэхдээ Францын эх газар болон Карибын тэнгис, Энэтхэгийн далай, Номхон далай дахь нутаг дэвсгэрээр 12 мянган км замыг туулж, 450 гаруй хот суурингаар аялуулах ажээ. Галт бамбар нь наадмын туршид ариун гал асдаг байсан эртний Олимпын наадмуудаас үүсэлтэй бөгөөд энэхүү уламжлалыг 1936 оны Берлиний Олимпын наадмаас сэргээж байсан түүхтэй.