Эрчим хүч, шатахууны хомсдолтой холбоотой хүндрэлийг шийдэхээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 21-ны өдөр /2023.12.21/ ОХУ-г зорьсон. Тус ажлын хэсэгт Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг нарын хүмүүс мөн багтсан юм.
-ТЭД ӨНӨӨДӨР МОНГОЛД ИРНЭ-
Тус ажлын хэсэг ОХУ-ыг зорьсон зорилго нь манайд нийлүүлдэг шатахуун болон эрчим хүчний хэмжээг нэмүүлэх, III цахилгаан станцын өргөтгөлийн бүтээн байгуулалтад шаардлагатай тус улсаас ирүүлсэн үнийн саналыг багасгах асуудлыг ярилцах байсан. Учир нь оросууд энэ ажлын өргөтгөлд хэт өндөр үнийг манай улсад ирүүлсэн байдаг. Тэгвэл ажлын хэсэг явсан зорилгоо биелүүлж, амжилттай ажиллаад ирж буй талаар эх сурвалж мэдээлж байна. Тэд өнөөдөр /2023.12.27/ Монголд ирэх аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Шатахууны импортыг нэмэгдүүлэх асуудал бүрэн шийдэгджээ. Энэ хүрээнд ачилтыг ч нэмэгдүүлж эхэлсэн байна. Мөн эрчим хүчний асуудлаар манай тавьсан саналуудыг айлын тал шийдвэрлэж өгнө гэдгээ мэдэгджээ.
Бусад асуудлаар ч боломжийн түвшинд яриа хэлцэл болсон бөгөөд энэ талаар Эрчим хүчний сайд, ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн Монголд ирснийхээ дараа мэдээлэл өгөх аж.
Тэгвэл АМГТГ-ын дарга Л.Баярмандал тав хоногийн өмнө мэдээлэл хийхдээ
- Сар болгон 140 мянган тонн дизель түлш,
- 90 мянган тонн АИ92 авто бензинийг худалдан авах захиалга өгөөд ОХУ-ын тал үүнийг "бүрэн нийлүүлнэ" гэдгээ мэдэгдсэн.
Монгол Улс сар болгон 110 мянган тонн дизель түлш, 55 мянган тонн бензин хэрэглэж байна" гэсэн билээ. Одоо хоногт дунджаар 4-8 мянган тонн шатахуун тээвэрлэгдэн ОХУ-ын хилээр орж ирж буй статистик байна. Харин эрчим хүчний тухайд 340 мегаваттыг манай улс ОХУ-аас авдаг. Тус улс манайд өгдөг эрчим хүчээ багасгана гэж мэдэгдсэн ч багасгаагүй. Гэхдээ дээрх хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг мөн тус өдрүүдэд ярьсан гэх мэдээлэл байна. Б.Чойжилсүрэн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-д ажиллахдаа ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Новак, "Интер Рао-Экспорт" компанийн ерөнхий захирал М.Е.Сергеев, "Роснефт" компанийн Худалдаа, логистик хариуцсан дэд ерөнхийлөгч А.В.Богатёнков нартай уулзаж яриа, хэлцэл хийсэн байна.