УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Яармагийн Эх, нярай, эмэгтэйчүүдийн төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.
Мөн “Нийгмийн ардчилал залуучуудын сан” нийгмийн хариуцлагын хүрээнд хяналтын нэгдсэн цахим системийг тус эмнэлэгт нэвтрүүлж байна. Үүнээс гадна эмнэлгийн зарим өрөө, тасалгааны бүрэн тохижилтыг хийжээ. Энэ талаал ЦХХХ-ны сайд Ц.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ханиад томуугийн дэгдэлт их байгаа эл өдрүүдэд эмнэлгийн хамт олон бүх чадлаараа ажиллаж байгаад баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг зөвхөн улсын төсөв хараад суух биш, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагууд хийж хэрэгжүүлэх ёстой. Тэр ч утгаараа “Нийгмийн ардчилал залуучуудын сан”-гаас БНХАУ-ын Энх тайван хөгжлийн санд хүсэлт тавьсан. Мөн энэ хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа явуулсан. Судалгаанд суурилсан гурван ч төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Тэдгээрийн нэг болох яаралтай түргэн тусламжийн тасагт “төвлөрсөн хяналтын систем” бий болгож байна. Олон ээж, хүүхдүүдэд туслахад дөхөм болно гэж итгэж байна. Цаашдаа эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, хэрэгслийг өөрсдийнх нь хүсэлт, хэрэгцээг харгалзан үзэж, нийгмийн хариуцлагын хүрээнд “Нийгмийн ардчилал залуучуудын сан”-гийн залуучууд хүлээлгэж өгсөөр байх болно. Монголын үрс маш олон болтугай” гэв.