Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Үүнд 700 гаруй их наяд төгрөг шаардагдана гэж буй. Энэ нь алсдаа манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-АЛЬ Ч НӨХЦӨЛД ЭДГЭЭР БОНДЫН ТӨЛБӨРИЙГ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР, ТӨСӨВТ ОРОХ ЁСТОЙ ТАТВАРЫН ОРЛОГООР Л ЭРГЭН ТӨЛЖ БАРАГДУУЛНА-
-233 мянган ахмадын 700 гаруй тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмж гарсны дагуу хуулийн төсөл өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Та энэ шийдвэрийн сөрөг талыг хэрхэн дүгнэж хэлэх вэ. Үүнээс болж Монголын эдийн засагт тулгарч болох бодит эрсдлийг та тодорхой хэлбэл?
-Энэ онд Монгол улсын төсвийн нийт зарлага 13.8 их наяд төгрөгт хүрэхээр УИХ-аас төсвийн хуулийг батлан хэрэгжүүлж байна. Энэ нь 2019 оны төсвийн зарлагаас 19.7 хувиар өссөн үзүүлэлт юм. 2020 оны улсын төсвийн зарлага дотор нийгмийн даатгалын санд өгөх татаасаас гадна нийгмийн халамжийн арга хэмжээнд зориулан 756.6 тэрбум төгрөг тусгагдсан.
Гэтэл бүтэн жилийн нийгмийн халамжийн сангийн зарлагатай тэнцэх хэмжээний тэтгэврийн зээлийн өрийг тэглэх талаар хууль санаачлан УИХ-д өргөн мэдүүлж байгаа нь тун харамсалтай явдал юм.
Учир нь тэтгэврийн зээл бол арилжааны банк ба иргэд хоорондын зээлийн гэрээн дээр үндэслэн байгаа, иргэдийн өөрсдийн хүсэл сонирхлын дагуу олгосон арилжааны бүтээгдэхүүн.
Иргэдэд олгоод байгаа тэтгэврийн зээл дотор зөвхөн өндөр настны өөрийн хэрэглээний зүйлд зориулсан зээлээс гадна үр хүүхдүүдийнх нь авч хэрэглэсэн суудлын автомашин, үнэтэй гар утас, компьютер зэрэг зайлшгүй, эн тэргүүний бус тансаг хэрэглээний шинжтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахад зориулж авсан зээлийн хувийн жин багагүй байгаа. Мөн тэтгэврийн зээл авсан иргэдийн авсан зээлийн хэмжээ хоорондоо ихээхэн ялгаатай байхад тэдгээрийг бүгдийг тэгшитгэн авч үзэж, зээлийн өрийг тэглэж байгаа нь ард иргэдийг улам бэлэнчлэх сэтгэлгээнд уриалсан буруу бодлого, буруу арга хэмжээ гэж үзэж байна.
-Тэтгэврийн зээлийг тэглэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн талаар мэдээлэл өгнө үү. Хэдийгээр Салхитын мөнгөний ордыг барьцаалж бонд босгоно гэж байгаа ч энэхүү орд нь өмчлөлийн маргаантайгаар шүүхдээр байгаа. Энэ шийдвэрийг та хэрхэн харж байгаа вэ.
-Он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг танилцуулсаны дараа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нарын өгсөн тайлбарууд бүгд хоорондоо зөрчилдөж байсан. Энэ Даваа гаригт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаан болох хүртэл ямар хэмжээний хөрөнгө зарцуулах, эх үүсвэр бодитой байгаа эсэх, уг арга хэмжээнд хичнээн хүн хамрагдах, ямар нөхцөл шалгуураар энэ арга хэмжээнд хамрагдах зээлтэй иргэдийг сонгох зэрэг асуултууд тодорхойгүй байсан.
Үүнээс үзвэл дээрх асуудлыг боловсруулах явцад Засгийн газрын холбогдох яамд оролцоогүй, ҮАБЗ-ийн ажлын албанд ч тодорхой судалгаа байгаагүй ер нь нарийвчилсан судалгаа хийгээгүй байсан нь илэрхий байна.
Засгийн газрын ээлжилт бус хуралдаан болсны дараа л ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээлэл хийх үед эдгээр мэдээллийн зарим хэсэг нь тодорхой болж байна. Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхэд нэг бол Хөгжлийн банк бонд гаргах юм шиг, нэг бол Салхитын мөнгөний ордыг барьцаалан Сангийн яам бонд гаргах ч юм шиг хоёр өөр тайлбарыг өгсөн хэвээр байна. Аль ч нөхцөлд эдгээр бондын төлбөрийг улсын төсвийн хөрөнгөөр, улсын төсөвт орох ёстой татварын орлогоор л эргэн төлж барагдуулах болно.
Одоогоор шууд улсын төсвөөс зарлага болгон хөрөнгө зарцуулахгүй ч гэсэн, бий болоогүй орлогыг урьдчилан бонд хэлбэрээр бичиж арилжааны банкуудад байршуулж байгаа тул тодорхой хугацааны дараа Засгийн газар энэхүү бондын төлбөрийг төлөх болно. Иймд тэтгэвэрийг тэглэхэд зарцуулах 770,0 гаруй тэрбум төгрөгийг 2021-2024 онуудад улсын төсвөөс төлнө гэсэн үг. Ирэх 3 жилд Монгол улсын Засгийн газар 3,0 тэрбум ам.долларын гадаад бондын өр төлбөрийг төлөх үүрэгтэй. Энэ хүнд ачаан дээр дахин дотоодын бондын төлбөр гэсэн ачааг нэмэгдэхээр байна. Иймээс Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудлыг УИХ-ын чуулган дээр ярилцах үед бондын төлбөрийг ямар хуваарьтайгаар төлөх вэ гэдгийг олон нийтэд ил тод, ойлгомжтой хэлэх ёстой. Удахгүй 2020 оны хавар Засгийн газраас ирэх 2021-2023 онуудын Төсвийн хүрээний мэдэгдэлийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэхүү төсвийн хүрээний мэдэгдэлд эдгээр бондын төлбөр, хэзээ хэрхэн төлөгдөхийг тооцож суулгах шаардлагатай.
ХҮНДРЭЛТЭЙ БАЙДЛААС БҮРМӨСӨН ГАРСАН МЭТ ДАХИАД ХҮНДРЭЛ
БЭРХШЭЭЛ ТОХИОЛДОХГҮЙ ЮМ ШИГ АВИРЛАЖ БОЛОХГҮЙ-
-Хавтгайрсан халамж тараахаар ОУВС болон бусад байгууллагууд хэрхэн хүлээж авах вэ?
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар ОУВС, Дэлхийн банк, Япон улсын Засгийн газар болон бусад түншлэгчидтэй нягт хамтран ажиллаж, төсөв, мөнгөний бодлогод гарч байсан алдаа, завхралыг засаж, төсвийн сахилга батыг сайжруулсны үр дүнд Монгол улс эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байдлаа даван туулж чадсан. Гэтэл УИХ-ын сонгуулийн жилд гэсэн далбаан дор өмнөх жилүүдэд олсон амжилтаа нурааж, дахин төсвийн үрэлгэн бодлого, хавтгайрсан халамжийн бодлогод шилжиж байгаад Олон улсын банк, санхүүгийнбайгууллагууд шүүмжлэлтэй хандах нь нэн тодорхой байна.
Энэ хавар хэрэгжүүлж дуусгах Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дүгнэлтэд УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ халамжийн үрэлгэн бодлогын талаар дүгнэлт, шүүмжлэл тусгагдах нь гарцаагүй болж байна. Монгол Улсын эдийн засаг бүхий л хүндрэлтэй байдлаас бүр мөсөн гарсан мэт, дахиад хүндрэл бэрхшээл тохиолдохгүй юм шиг авирлаж болохгүй. Гадаад зах зээл, түүхий эдийн үнэ ханшаас ихээхэн хамааралтай Монгол улсын хувьд ирэх жилүүдэд ихээхэн хэмжээний гадаад өр төлбөрийг төлж барагдуулснаар гадаад валютын нөөц багасах хандлага гарна. Хэрэв үүний зэрэгцээ гадаад зах зээлд түүхий үнэ ханш буурах, гадаад худалдааны орлого буурах байдал гарвал бид дахиад л ОУВС, Дэлхийн банкинд хандаж тусламж, дэмжлэг хүсэх нөхцөл байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй.
Сүүлийн үед Ойрх Дорнодод хурцадмал байдал үүсч, дэлхийн зах зээлд газрын тос, алтны үнэ ханш огцом өсч байна.
Цаашид энэ бүс нутгийн нөхцөл байдал улам даамжирвал Монгол улсын импортын төлбөр нэмэгдэх, гадаад худалдааны тэнцлийн ашиг буурах, гадаад худалдааны орлогын хэмжээ буурах зэрэг сөрөг нөлөөлөл үзүүлэх магадлалтай юм. Иймд хэдхэн сарыг ойрын хугацааг бодсон, улс төрийн ашиг сонирхолоор хандсан төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх бус ядаж нэг сонгуулийн хугацаанд тогтвортой, тууштай хэрэгжих төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг тууштай мөрдөх хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-Ярилцсанд баярлалаа