"Ерөнхийлөгч У,Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ" гэж албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-д төрийн айлчлал хийж байгаа юм.
Иймд Ерөнхийлөгч энэхүү айлчлалаа өндөрлөөд Лаос улсад очих бололтой. Энэхүү айлчлал нь 2005 оноос хойш буюу 18 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Лаос Улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлиттэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад их, дээд сургууль төгссөн лаос иргэд болон Лаос Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах ажээ.