НОГООН АВТОБУС: "Евро 3 стандартын автобус нийлүүлнэ" гэж шалгарсан ч, Евро-2 стандартын автобус дээр Евро-5 гэсэн шошго нааж оруулан иржээ

НОГООН АВТОБУС: "Евро 3 стандартын автобус нийлүүлнэ" гэж шалгарсан ч, Евро-2 стандартын автобус дээр Евро-5 гэсэн шошго нааж оруулан иржээ

“ногоон автобус”-ны хэргээр шалгагдаж байсан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар нь мөрдөн байцаалтын явцад өөрийгөө хутгасан хэрэг гарсан. Мөн ногоон автобусны асуудлаас болж Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцроод байна. 

ВИДЕО: 

Тэгвэл “Автобус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийн хурал энэ оны нэгдүгээр сар /2023.01/-д болжээ. Тус ажлын хэсгийн даргаар Б.Түмэнжаргал, гишүүн А.Чойжилсүрэн, Б.Энхцаг, С.Бямбасүрэн, ажлын хэсгийн нарийн бичгээр Ш.Баярсүх нар оролцсон байна. Тус хурлаар “Нийтийн тээврийн газар болон Тэнүүн-Огоо ХХК-иасавтобусны техникийн тодорхойлолтын зарим үзүүлэлт зөрсөнтэй холбогдуулан ирүүлсэн тодруулга”-ыг хэлэлцэж, улмаар автобус нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр ажлын хэсгийн гишүүдийн 80 хувийн саналаар Тэнүүн-Огоо ХХК-ийг шалгаруулжээ.

Тодруулбал, тус хурлын үеэр ажлын хэсгийн дарга, гишүүд болох Б.Түмэнжаргал, А.Чойжилсүрэн, С.Бямбасүрэн, Ш.Баярсүх нар “Тэнүүн-Огоо” ХХК-ийг шалгаруулах саналыг гаргаж, дэмжсэн байна.

Харин тус ажлын хэсгийн гишүүн Б.Энхцаг түдгэлзсэн санал өгч, үүнийг тэрээр “Нийслэлийн нийтийн тээврийн газар хариуцлагагүй хандаж байна. Евро 3 гэдэг стандарт нь миний эсрэг санал өгөх гол шалтгаан болж байна” хэмээн тайлбарлаж байжээ.

Тухайлбал, Б.Энхцаг түдгэлзсэн санал өгсөн тайлбартаа, “Нийслэлийн нийтийн тээврийн газар хариуцлагагүй хандаж байна. Миний эсрэг санал өгдөг нь Тэнүүн-Огоо ХХК-даа биш Евро 3 гэдэг стандарт нь миний эсрэг санал өгөх гол шалтгаан боллоо. Учир нь Евро 3 бол хорт утаа илүү ялгаруулдаг. Үүнийг ойлгуулах гэж Нийтийн тээврийн газарт зөндөө хандлаа ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэсэн гээд бусад хөгжлийн баримт бичгүүдээ харсангүй” гэсэн утгатай байр суурийг илэрхийлж байжээ. Товчхондоо, Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар ногоон автобуснуудыг Евро 3 стандарттай байх техникийн үзүүлэлтийг зөвшөөрсөн байж болзошгүй байгаа юм. 

-“ЕВРО 2” СТАНДАРТЫН АВТОБУС ДЭЭР “ЕВРО 5” ГЭСЭН БИЧГИЙГ А.ГАНХУЯГ НААЛГАСАН ГЭЖ МЭДЭЭЛЖЭЭ-

Харин өнгөрөгч мягмар гараг /2023.10.03/-т АТГ-ын албан хаагчид С.Жавхлантбаатарынгэрт нэгжлэг хийхээр очиход тэрбээр өөрийгөө хутгасан байдалтай байсан гэж эх сурвалжууд мэдээлж буй. Иймд түүнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд одоо сэхээнд орсон байдалтай байгаа тул С.Жавхлантбаатартай холбоотой мөрдөн шалгахын ажиллагааг түр зогсоосон талаар эх сурвалж мэдээлжээ.

Харин ногоон автобусны хэрэгтэй холбогдуулж, "Тэнүүн-Огоо" компанийн А.Ганхуяг, компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга, ажлын хэсгийн дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг хуулийн байгууллагаас саатуулаад байгаа. Эдгээр саатуулагдсан хүмүүсээс мэдүүлэг, байцаалт авч эхлээд байгаа бол “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаа гэх мэдээлэл гарчээ. Мөн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг зохион байгуулалттайгаар Евро-2 стандартын автобусыг Евро-5 гэсэн бичиг наалгасан нь илрээд, баларч байгаа талаар Ergelt.mn сайт мэдээлжээ.