"Автобусны мафи"-тай тэмцэж буй Х.Нямбаатар "Ногоон автобус"-ны хэргээр "Хоёр С"-ийг хэзээ шалгах вэ

"Автобусны мафи"-тай тэмцэж буй Х.Нямбаатар "Ногоон автобус"-ны хэргээр "Хоёр С"-ийг хэзээ шалгах вэ

Манай эрх баригчид "авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоох" нэрийдлээр бусдыг үзэн ядуулж, иргэдээ уураар нь удирддаг болоод байгаа. Эрх баригчдын энэ пиар, сурталчилгаанд нь ЦЕГ болон АТГ зэрэг хууль сахиулах байгууллагууд бараг л оролцож, зарим иргэдийг шалгаж байгаа талаар мэдээлэл хийж, тэр даруйд нь цагдан хорьдог болоод байна. 

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар, АТГ-ын дарга З.Дашдаваа, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нар бүгд Хэнтий аймгийн гаралтай хүмүүс. Энэ ч утгаараа тэд МАН-ыг ирэх 2024 оны сонгуульд ялуулахын тулд тэл нэг бодлогоор ажиллаж, үүндээ хууль сахиулах байгууллагыг ашиглаж байхыг үгүйсгэхгүй. 

Тухайлбал, Хотын даргаар томилогдсон Х.Нямбаатар саяхан мэдээлэл хийж, "автобусны асуудлаар зарим хүмүүсийг АТГ-т өгч шалгуулна" гэж мэдэгдсэн. Гэтэл тэрбээр энэ үеэрээ татвар төлөгчдийн 318 тэрбум төгрөгөөр авсан "ногоон автобус", үүнийг удирдлагаар хангаж байсан Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар гэсэн "Хоёр С"-ийн талаар огт яриагүй. Харин тэрбээр хаа байсан 2009 оны автобусны худалдан авалтыг ярьж, Х.Баттулга, С.Баярцогт нарыг буруутгасан юм.

Гэтэл Хотын дарга Х.Нямбаатарыг мэдээлэл хийснээс ердөө ганцхан өдрийн дараа АТГ-аас УИХ-ын дарга, Улаанбаатарын захирагч асан М.Энхболдыг дуудан байцааж, Нийслэлийн дарга асан Ц.Батбаярыг цагдан хорьсон байна. Төрийн ажил ийм хурдан явдаг бол сайн л байна. Учир нь ногоон автобусны хэргээр Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатарыг хоёрыг хэзээ шалгаж эхлэх вэ гэдэг асуулт гарч байгаа юм.