Авлигатай тэмцэж буй орнууд “Төсвийн зарлага”-аа багасгаж, төрийн тендерийг хөрөөдөж байхад, Монголд шорон ярьж “иргэдээ уураар нь удирдан” тендер, халамжаа нэмж байна

Авлигатай тэмцэж буй орнууд “Төсвийн зарлага”-аа багасгаж, төрийн тендерийг хөрөөдөж байхад, Монголд шорон ярьж “иргэдээ уураар нь удирдан” тендер, халамжаа нэмж байна

Ирэх 2024 оны улсын төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Тодруулбал, 2024 оны төсвийн орлогыг 25,3 их наяд төгрөгт хүргэхээр тооцсон бол, нийт зарлагыг 27.2 их наяд хүрнэ гэж тооцож, төсвийн алдагдлын зөрүү 2.1 их наяд байх аж. Харин ирэх онд Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 74 их наяд төгрөг байна гэж төсөөлжээ. Товчхондоо, ДНБ-ний гуравны нэгийг нь төрийн зарлага, худалдан авалт эзэлж байна гэсэн үг.

Харин төр тендер зарлаж, худалдан авалт хийж, халамж тараан, малчдын НДШ-ийн 50 хувийг өмнөөс нь төлж, бусдад мөнгө урамшуулал олгох зэргээр “зарлагаа нэмсээр байвал авлига хэзээ ч буурахгүй, өснө” гэсэн онол бий. 

-ӨРСӨЛДӨГЧӨӨ ЯРЬЖ ИРГЭДИЙГ УУРААР НЬ УДИРДАХ БУС ТӨСВИЙН ЗАРЛАГАА БАГАСГАЖ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТЭЙГЭЭ ТЭМЦ-

Гэтэл манай эрх баригчдын сонгуулийн гол сэдэв нь “шударга ёсыг тогтоож, авлигатай хийх тэмцэл” нэрийн дор бусдыг үзэн ядуулж, иргэдийг “уураар нь удирдаж” байгаа гээд хэлэхэд нэг их хилсдэхгүй байх. Тухайлбал, Хотын дарга Х.Нямбаатар хүртэл гэмт хэрэг, шорон ярьж тэрийг, энийг АТГ-аар шалгуулна хэмээж ажлаа эхлүүлж байна. Тэрбээр уржигдар /2023.10.30/ мэдээлэл хийж, “14 жилийн өмнө Х.Баттулга Зам тээврийн сайд байхдаа улсын төсвөөр авсан 400 автобусыг хувийн байгууллагад шилжүүлж өгсөн” хэмээн мэдэгдэж үүнд нь С.Баярцогт нарыг буруутгаж АТГ-аар шалгуулна гэсэн. Гэтэл Х.Нямбаатарын яриад байгаа 400 автобус нь “Ерөнхий сайд С.Баярын даалгавраар хийгдсэн ажил” болж таарсан.

Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн твиттер хуудастаа, “Хүсэх юм байна, хотын дарга аа! 2009 оны энэ худалдан авалтын талаар Засгийн газрын хурал дээр юу яригдаж, албан шийдвэр нь хэзээ, ямар агуулгатай гарав? Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс ямар яамны, хэн гэх сайдын ямар тушаал, шийдвэр дагалдав. Нөхөн төлөлтийг ямар хугацаанд хийж, хэн үүнийг хянах ёстой байв. Амаа нээсэн бол уушгиа бас нээнэ биз дээ” хэмээн Хотын дарга Х.Нямбаатарыг жаахан дооглосон өнгөтэй мэдээллийг нийтэлжээ.

Харин Х.Нямбаатар ногоон автобусны асуудлыг намжааж Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг ярихгүйн тулд тулд С.Баярын гаргасан шийдвэр дээр Х.Баттулга, С.Баярцогтыг хоёрыг буруутгасан байх талтай. Гэтэл үнэндээ, 2009 оны автобус болоод Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг огцруулсан “ногоон автобус” нь төсвийн зарлага нэмэгдэж байгаагийн нэг хэлбэр. Товчхондоо, нийтийн тээврийг зөвхөн хувийн хэвшил хариуцдаг байсан бол ийм асуудал гарахгүй. Учир нь бусад улс орнууд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэйгээ тэмцэхийн тулд төсвийн зарлагаа багасгаж, ихэнх зүйлсийг хувийн хэвшилдээ хариуцуулж байна. 

-ИРГЭДИЙН УУРЛУУЛЖ УДИРДАХ БУС ТӨСВИЙН ЗАРЛАГА, ТЕНДЕРЭЭ БАГАСГАЖ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭ БУУРУУЛЖ БОЛНО-

Тухайлбал, 2004 онд 4,4 сая хүн амтай Гүржийн Ерөнхийлөгчөөр Михайл Саакашвили сонгогдож, тэрбээр тус улсад бараг л уламжлалт соёл болоод байсан авлигыг бууруулахын тулд замын цагдаагийн газраа бүрэн татан буулгаж, гаалийн байгууллагадаа шинэтгэл хийж, төрөөс олгодог тусгай зөвшөөрөл, лиценз, бүртгэлийг цөөлж, татварын нэр төрлийг нь бууруулж, хувь хэмжээг нь багасгаж, улмаар төсвийн зарлагаа бууруулсан байдаг. Ингэснээр тус улсын авлигын индекс олон байраар урагшилсан. 

Харин одоо болж буй Аргентины Ерөнхийлөгчийн сонгуулийг тэргүүлж буй нэр дэвшигч Хавьер Майлей тус улсын авлигыг бууруулж, эдийн засгийг сайжруулахын тулд төсвийн зардлаа бууруулна хэмээн зарлаж, үүнийгээ иргэдэд ойлгуулахын тулд цахилгаан хөрөө ашиглаж “төсвийг хөрөөднө” хэмээж олон хүний дэмжлэгийг авч байна. ЭНД ДАРЖ үзнэ үү.

Гаднын улс орнуудын жишээг үзэхэд тэд авлига, албан тушаалын гэмт хэргээ бууруулахын тулд төсвийн зардлаа бууруулж, төрийн худалдан авалт, тендерийг багасгаж хувийн хэвшилдээ хариуцуулж байна. Гэтэл манай эрх баригчид авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох нэрийдлээр бусдыг үзэн ядуулж, иргэдийг “уураар нь удирдаж” байгаа бол нөгөө талд төрийн худалдан авалт, тендерээ багасгаж, халамжаа хасах зэргээр төсвийн зарлагаа огт бууруулахгүй, жил бүр нэмэгдүүлж байна. Тухайлбал, энэ 2023 онд төсвийн зарлага 21.8 их наяд төгрөг байсан бол, ирэх 2024 онд 27.4 их наяд төгрөгийг зарлага гаргахаар тооцож төсвийн зарлагыг 5.6 их наядаар нэмэгдүүлжээ. 

-СОНГУУЛЬ УГТСАН ХАЛАМЖАА НЭМЭГДҮҮЛСЭН НЬ 2024 ОНЫ ТӨСВИЙН ЗАРЛАГА НЭМЭГДЭХЭД ХҮРГЭЖЭЭ-

2024 онд УИХ-ын сонгууль болно. Энэ сонгуульд эрх баригч МАН дахин ялалт байгуулж болох бүх зүйлийг хийж байна. Тухайлбал, авлига, албан тушаалын хэрэг ярьж иргэдийг уураар нь удирдаж байгаа бол, нөгөө талд төрийн алба хаагчдын цалинг нэмж, малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцаж, нэг удаагийн мөнгө урамшууллын хэмжээг нэмэх зэргээр халамж, хайрын бодлогоо лавшруулж байна.

Тухайлбал, өндөр насны тэтгэвэр нэмэхэд 308.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн халамжийн нэмэгдэлд 40 тэрбум төгрөг, Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 531.4 тэрбум төгрөгийг зарцуулна. Улмаар малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцахад 25.1 тэрбум төгрөг, багш, ажилтны нэг хүүхдийг сургахад 7.1 тэрбум төгрөгийг зарцуулах аж. Мөн нэг удаагийн мөнгөн урамшуулалд 75.8 тэрбум төгрөг, ААН-ийг дэмжих зээлийн хүү бусад арга хэмжээнд 223.7 тэрбум төгрөгийг зарцуулна хэмээн тусгажээ.

Харин ирэх 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсний олборлолт, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж, зэсийн баяжмал дахь агууламж нэмэгдсэнээр манай эдийн засаг 7.0 хувиар өснө гэж тооцож. Үүнээс голлох экспортын биет хэмжээ болох нүүрс 60 сая тонн, зэсийн баяжмал 1,500 мянган тонн, төмрийн хүдэр 8,400 мянган тонн, газрын тос 4,850 мянган баррель, алт 20 тонн байхаар төсөөлсөн байна.  Ямартай ч 25.3 их наядын орлого олж, 27.4 их наяд төгрөгийн зарлага гаргаж 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байх 2024 оны  төсвийн зарадгааг нэг бүрчлэн авч үзвэл олон сонирхолтой тоо, үзүүлэлт харагдахаар байна. 2024 оны Төсвийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү,