О.Цогтгэрэл: Тусгайгийн алба хаагчид Д.Мөнх-Эрдэнийг  галуун цуваагаар явуулж, шал мөргүүлсэн зэргээр дөрвөн цаг дэглэсэн байна

О.Цогтгэрэл: Тусгайгийн алба хаагчид Д.Мөнх-Эрдэнийг галуун цуваагаар явуулж, шал мөргүүлсэн зэргээр дөрвөн цаг дэглэсэн байна

Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ бусдад зодуулсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл энэ сарын 13-ны өдөр /2023.10.13/ гарсан. Тодруулбал, тус хорих ангид SWAT гэсэн бичигтэй хувцас өмссөн хүмүүс очиж, хоригдлуудыг дэглэж, бороохойдож, зодсон гэх мэдээлэл гарсан юм. 

Харин ШШГЕГ-аас "Хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийг SWAT-ынхан зодож, яргалсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Д.Мөнх-Эрдэнийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй бөгөөд дээрх мэдээлэл бодит бус ташаа мэдээлэл. Прокурорын болон Хүний эрхийн байгууллага  хяналт тавин ажиллаж байна. Мөн ШШГЕГ-аас чиг үүргийнхээ хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулж ажилладаг" гэж мэдэгдлээ. 

Мөн өчигдөр /2023.10.26/ Хүний эрхийн үндэсний комиссоос энэ талаар мэдээлэл хийж "Бид Д.Мөнх-Эрдэнийн биед хохирол учруулсан эсэхийг эмчийн бичиг, болон камерын бичлэг зэргийг татан авч хянаж үзсэн. Биднийг уулзахад тодорхой тайлбар мэдээлэл өгөөгүй. Би албан ёсоор бичгээр санал хүсэлтээ илэрхийлсэн. Биднийг тухайн хорих ангид ажиллаж байхад Д.Мөнх-Эрдэнийн биед илт мэдэгдэх шарх сорив үүсээгүй эрүүл байсан. Д.Мөнх-Эрдэнэ тус ангид ирснээсээ хойш артерийн даралт өндөр гэх шалтгаанаар эмчийн хяналтад байгаа юм байна. Мөн биднийг ажилладаг өдөр эхнэртэйгээ 72 цагийн эргэлт уулзалт авсан байдалтай байсан" гэсэн юм.

Тэгвэл бид энэ талар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Цогтгэрэлээс тодрууллаа. О.Цогтгэрэлийн хувьд уржигдар буюу энэ сар 24-ны өдөр /2023.10.24/ Д.Мөнх-Эрдэнийг эргэж очсон юм. Тэрбээр энэ талаар "Тусгай хүчнийхэн шоронд очиж ажиллагаа нэрээр хоригдож буй хүмүүсийг зодож, дарамталж дэглэсэн гэх мэдээлэл гарсан. Тиймээс бид эргэж очиж энэ талаар тодруулсан. Өөрөө энэ талаар ярихдаа "Энэ үеэр камерын бичлэгийг унтрааж байгаад биднийг дэглэсэн" гэж хэлсэн. Хүний эрхийн зөрчил гарсан байх магадлалтай учраас бид үргэлжлүүлэн ажиллана. Уг нь Хүний эрхийн үндэсний комисс, прокурор байнга ажиллаж байх ёстой юм байна. Гэтэд эдгээр байгууллагууд энэ үйл ажиллагаагаа явуулахгүй байна гэж хоригдож буй хүмүүс хэлсэн. 

Олон цаг галуун цуваагаар суулгасан. Шилэн хүзүүн дээр дарж шал мөргүүлсэн зэрэг бодит үйлдлийг хэлсэн. Харагдах байдал болон сэтгэл санааны хувьд нөхөр нэг их муу биш байна лээ. Мөн Д.Мөнх-Эрдэнэд хууль дүрэмд заагаагүй дүрмээр сахилгын шийтгэл оногдуулсан байна. 

Тухайлбал, цахимаар ар гэртэйгээ уулзахад нь видео бичлэг хийснийг Д.Мөнх-Эрдэнэ буруу гэж үзэн шаардлага тавьсан юм билээ. Гэтэл сахилгын шийтгэл оногдуулж ар гэртэй нь сар уулзахыг хориглосон байх жишээтэй.Сахилгын шийтгэлээр шийтгүүлсэн хүн магадлангаар орох боломжгүй болдог. Яаманд бүртгэгдээгүй, агентлагийн даргын гарсан журмаар тэнд иргэдийн эрхийг зөрчөөд байна" гэлээ. 

ҮЗЭХ: