“Эрдэнэт сүргийн эзэд-600” малчдын чуулга уулзалт Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгын байранд өчигдөр /2023.10.21/ болжээ. Тус уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ, Ц.Идэрбат нараас гадна ирэх 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй МАН-ын гишүүд ч оролцсон байна.
Мөн тус малчдын чуулга уулзалтад Улаанбаатар хотоос очиж оролцогчдын дунд дуучин С.Жавхлан байжээ. Тэрбээр саяхан "Дулаан намар" тоглолтоо хийж, дахин энэ хэмжээний тоглолтыг хийхгүй, харин улс төрд хүч үзнэ гэдгээ мэдэгдсэн. Сануулахад, дуучин С.Жавхлан 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж парламентад сонгогдож байсан бол, 2020 онд АН-аас Увс аймагт нэр дэвшээд ялагдал хүлээсэн. Тэгвэл тэрбээр 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж магадгүй байна. Харин түүнийг зарим иргэд "хоёр нүүртэй" хэмээн шүүмжилжээ.