"Бүс ба Зам" олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр эх орондоо ирнэ

"Бүс ба Зам" олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр эх орондоо ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулсан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцоод өнөөдөр /2023.10.21/ эх орондоо ирэх гэж байна. 

Тэрбээр энэ уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзаж тодорхой асуудлаар хэлэлцээр хийн, шийдэлд хүрсэн юм. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтын үеэр холбогдох албаныхан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.  

Мөн уг уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бүс ба Зам" чуулганы хуралдаанд үг хэлсэн. Тэрбээр сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол Улс ногоон хөгжлийн бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байгааг хэлсэн юм.

Мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийг байгаль, экологийн хамгаалалтай нягт уялдуулж, байгальд ээлтэй стандарт болон сайн туршлагыг дэлгэрүүлж, цэвэр, шинэ эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн, байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулах”-ын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.