Дарга нар асуудалд орохоороо албан тушаалаа өгөөд, өөр хариуцлага хүлээдэггүй муу жишиг тогтож байна. Тухайлбал, саяхан Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр хуучин ногоон автобус худалдан авсан асуудал иргэдийн анхааралд ороход, Хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар албан тушаалаасаа огцроод л асуудал намжиж байна. Гэтэл тус албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас огт шалгахгүй байгаа юм.
Тэгвэл саяхан болсон "Ханжоу-2022" Азийн наадмаас боксын төрлөөр алтан медаль авсан Б.Чинзоригийн А сорьцын шинжилгээнээс допинг илэрсэн талаар мэдэгдсэн.
Харин үүнд Монголын боксын холбоо, тамирчдыг хариуцаж байсан эмч, дасгалжуулагч гээд олон хүн хариуцлага хүлээх ёстой мэт.
Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа татгалзаж, түүнийг “Монгол 333” корпорацын эзэн н.Баатар түр орлож эхэлсэн байгаа юм. Энэ нь нөгөө хариуцлагаас зугтааж, холбооны ерөнхийлөгч нь албан тушаалаасаа тодорхой бус шалтгааны улмаас "татгалзах" байдлаар хариуцлагаас зугтааж байж болзошгүй байгаа юм. Учир нь өнөөдөр /2023.10.18/ Спортын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийж, "Монголын боксын холбооны санхүүжилтийг зогсоох албан бичиг хүргүүлсэн. Төр допингийн асуудалтай спортын холбоог дэмжихгүй" гэж мэдэгдлээ.