Жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс хүний эрүүл мэнд, амь нас хохирох тохиолдол цөөнгүй гардаг.
Хамгийн сүүлд гэхэд явган хүний гарцтай газраар зам хөндлөн гарч байсан бага насны хоёр хүүхдийг мөргөж, нэг нь газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сард мөн л явган хүний гарцтай газраар зам хөндлөн гарч байсан иргэнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч мөргөж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан байна. Эл хэргийг энэ сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд жолоочид нэг жилийн зорчих эрхийг хязгаарлах, нэг жилийн жолоодох эрхийг нь хасах ял оноосон байна.
Тодруулбал, шүүгдэгч Ж.П нь Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, бага тойруугийн гудамж Баянбүрдийн тойргийн урд замд 2023 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 10 минутын орчимд "Toyota Марк-2" маркийн ....УН. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа явган хүний зохицуулдаг гарц дээр зам хөндлөн гарах гэж байсан явган зорчигч, хохирогч Н.П-ыг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай нь тогтоогдсон байна. Тиймээс шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ж.Пийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн байна.
Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд соёлтой оролцохыг сэрэмжлүүлж байна.