Есдүгээр сарын 19-ний өдөр Москва хотод ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаалтнууд уулзалт хийсэн талаар Хятадын ГХЯ-наас мэдэгдсэнийг Yonhap агентлаг эш татан мэдээллээ.
Уулзалтад ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, Монголын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жадамбын Энхбаяр, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар оролцсон байна.
Тус гарван талт уулзалтаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил болон шинэ боломжууд, тулгарч буй сорилтуудын талаар санал солилцож, нэгдсэн шийдвэрт хүрчээ.
Улмаар талууд бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамтдаа сахин хамгаалахын төлөө нягт хамтран ажиллахаар санал нэгдсэж, гурван орон бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалахын тулд илүү нягт хамтран ажиллахаар тохиролцожээ. Уулзалтын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, “Хятад, Орос, Монгол гурван улс ойр дотно харилцаатай, ижил сонирхолтой сайн хөршүүд билээ. Бид бие биедээ тусалдаг найрсаг түншийн хувьд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь бидний нийтлэг эрх ашигт нийцнэ. БНХАУ, ОХУ-тай хамтран ажиллана. Мөн Монгол Улсын бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг дэмжиж, ололт амжилтаа хуваалцахыг хүсэж байна. Бид улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, гурван улсын ард түмэнд илүү сайн сайхан байдлыг авчрахын тулд бие биенийхээ хүч чадлыг бүрэн дүүрэн ашиглах ёстой” гэжээ.
ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, “Гурван улс гаднын орнуудын хөндлөнгийн оролцооноос хамтдаа сэргийлж, олон талт үзлийг баримтлан шударга, үндэслэлтэй олон улсын дэг журмыг тогтоох ёстой” гэсэн байна.
Харин Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, “Бид Хятад, Оростой улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, гурван талт хамтын ажиллагааг бүс нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болгож ажиллахыг хүсэж байна. Монгол Улс үзэл суртлын үндсэн дээр нэг талыг баримтлахыг эсэргүүцэж байгаа” хэмээжээ. Уулзалтаар талууд ирэх сард Бээжин хотноо болох гурав дахь удаагийн "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцохоо илэрхийлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцохоор тохирсон гэж Хятадын ГХЯ мэдэгджээ.