Энэ жилийн хувьд Улаанбаатарт ч гэлтгүй улс даяар бороо их орж, 1966 оны үерийн хэмжээг давсан байгалийн гамшиг нүүрлэсэн. Иргэд ч сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгө бүр цаашлаад амь насаараа хохирсон харамсалтай тохиолдлууд гарсан. Иймд үерийн далан барих хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд тулгарч байгаа юм.
ВИДЕО:
Өмнө жилүүдэд үерийн далан, шуудуу барих хангалттай боломж, цаг хугацаа байсан уу гэвэл мэдээж байсан. Гэвч үе үеийн дарга төлөөлөгч нарын болчимгүй үйлдэл, төсвийн мөнгөнөөс хумслах гэсэн шунахай сэдлээс үүдэж үерийн далан, шуудуу гэх байгууламж өнөөдрийг хүртэл орхигдож ирсний харгайгаар Улаанбаатарт үер болоход ямар ч арга хэмжээ авч чадалгүй хайран сайхан дөрвөн хүний амь нас үрэгдлээ.
Тэгвэл үүний нэгэн жишээ болох Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байх Болдын Дэмбэрэл гэх хүний санаачлан бүтээн байгуулсан үерийн далан, ус тогтоох байгууламж нь ямар ч хэрэгцээ шаардлагагүй төсвийн мөнгийг дэмийн үрсэн гэхэд хилсдэхгүй хэрэг болжээ. Энэхүү далан нь тухайн үедээ нэлээд шүүмжлэл дагуулаад байсан. Тэгвэл энэ жилийн үер усны аюулаас хамгаалж чадсан эсэх талаар бид сурвалжиллаа.
Энэхүү даланг 2016-2020 оны хороонд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байсан Б.Дэмбэрэл гэх хүн санаачлан төсвийн 50 сая төгрөгийг зарцуулан хийсэн байдаг. Тухайн үед тендэр зарлаж, "Шинэ цагийн зам" ХХК гүйцэтгэлийн ажлыг хариуцан бүтээн байгуулжээ.
Биднийг очиход уг ус тогтоох байгууламжид ус тогтсон нөхцөл байдал ажиглагдаагүйн дээр ханаар хашлага байрлуулсан гэмээр энэ жалганд энд тэндээс цугларсан хогноос өөр харах зүйл байсангүй. Энэхүү ус тогтоох байгууламжийн өндөр нь 2 метр орчим бөгөөд доороо ямар нэгэн ус зайлуулах хоолой, суваг байхгүй. Иймээс үер орж ирсэн тохиолдолд усыг зайлуулах бус зөвхөн доош нь шингээх л нөхцөл боломжтой аж.
Тэгвэл үер орж ирлээ гэхэд хоёр метр өндөртэй хана хэдий хэмжээний усыг хуримтлуулан тогтоож чадах вэ. Үер бол байгалийн гамшиг. Хоёр метр ус орж ирээд тогтчихдог үзэгдэл биш юм.
Бүр хачирхалтай нь тус байршилд барагтайд үер болдоггүй гэдгийг ойролцоох оршин суугчид хэллээ.
Энэ жилийн их усан борооноор ч тус жалгаар үер орж ирээгүй гэнэ. Мөн тэдний хэлж буйгаар, "Энэ жалга уул өөд өгсөөд битүү байдаг учраас энэ хэсгээр үер орж ирдэггүй. Энэхүү даланг анх босгоход бид үер орж ирдэггүй, үүний оронд ганц хүүхдийн тоглоомын талбай бариад өгчихөөч гэж зөндөө хэлж байсан. Гэвч бидний үгийг авч хэлэлцээгүй" гэсэн юм.
НҮБ-аас дэлхийн дулаарлын үе дуусаж "буцалж буй эрин үе" эхэлсэн гэдгийг онцлон мэдэгдсэн.
Тиймээс хэт халалт, үер усны гамшиг энэ жилээр ч тогтохгүй дараа жил, түүний дараагийн жил ч үргэлжилсээр байх болно. Гэтэл энэ мэтчилэн төсвийн мөнгийг хий дэмий үрсэн, нүглийн нүдийг гурилаар хуурсан дарга нарын бодлогогүй шийдвэрээс болж, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирсоор байх уу. Дараа жил хэрвээ энэ хэвээрээ, бахь байдгаараа байвал дахиад хэдэн хүний эд хөрөнгө, амь нас хохирохыг хэн ч мэдэхгүй. Ямартайч энэ мэт үерийн далангийн асуудлыг шийдэж, бүтээн байгуулалтуудыг хийх шаардлагатай бөгөөд татвар төлөгчдийн хөлс, хүч шингэсэн төсвийн мөнгийг хувийн хөрөнгө мэт дураараа, хий дэмий зарлагаддаг хотын дарга, удирдлагууд, төлөөлөгч нарт арга хэмжээ авах нэн шаардлагатай байна.