АТГ: Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох 250 сая ам.долларын хэргийг түдгэлзүүлсэн

АТГ: Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох 250 сая ам.долларын хэргийг түдгэлзүүлсэн

2019 оны дөрөвдүгээр сард хийсэн ажлын талаар товч мэдээлэл хийлээ.

АТГ өнгөрөгч дөрөвдүгээр сард Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран ажиллаа. Ингэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцлүүдийг арилгах, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх гэх мэтээр олон ажил хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Авто тээврийн үндэсний төвд ажиллах хугацаанд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохтой холбоотой ашиг сонирхлын зөрчлүүд гарч, зарим албан тушаалтнууд шүүхээр ял шийтгүүлсэн байна.

Мөн АТГ-аас зохион байгуулдаг шударга байдлын үнэлгээ болон Азийн сангаас явуулдаг авлигын талаарх олон нийтийн ойлголтыг судлах судалгааны дүнгээр тааруухан гарсан газрын албатай хамтран ажилласан. Энэ хүрээнд газрын албаны үйл ажиллагааг, газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд хүнд сурталгүй авлига ашиг сонирхлын зөрчилгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. Энэ хүрээнд ХУД-ийн газрын албанд манай ажлын хэсэг ажиллахад иргэдэд үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой асуудлууд гарсан тоон мэдээллүүд гарсныг сайтаас дэлгэрэнгүй харж болно.

Мөн ХХААХҮЯ-наас ирүүлсэн ЖДҮХС-аас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг АТГ-аас хуульд заасны дагуу хянан үзэж, тодорхой саналуудыг хүргэсэн. Журмын төсөлтэй танилцах явцад авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал үүсгэх шалтгаан нөхцлүүдийг тодорхойлж өгсөн. Тухайлбал, хэрхэн сонгон шалгаруулах нь тодорхойгүй, шаардлагагүй бичиг баримтыг заавал бүрдүүлж өгөхөөр тусгасан зэрэг нь хүнд суртал үүсгэхээр албан тушаалтнууд нөхцөл байдал үүсгэсэн байна гэдэг үндэслэлээр санал хүргүүлсэн байна. Мөн тус сангийн ажилчдын ёс зүйн дүрмийг шаардлага хангахгүй гэж үзэж дахин санал хүргүүлсэн байгаа.

Энэ мэт АТГ-ын дөрөвдүгээр сард хийсэн ажлын тайлангийн дэлгэрэнгүйг тус байгууллагын сайтаас ЭНД ДАРЖ үзэх боломжтой.

Тайланг танилцуулсны дараа Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ч.Жаргалбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Шүүгч нартай холбоотой авлига, албан тушаалын хэрэг гарсан. Үүнээс нэг шүүгч ШШГЕГ-ын байранд амь насаа алдсан байдаг. Энэ хэрэг ямар шатанд шалгагдаж байгаа вэ?

-Шүүгч хүн биш шүүхийн байгууллагад ажиллаж байгаад, өндөр насны тэтгэвэртээ гарчихсан байсан хүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад ийм харамсалтай хэрэг гарсан. Шүүгч нар хууль бус шийдвэр гаргасан, бусдаас авлига авсан байж болзошгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлууд ч давхар шалгагдаж байгаа.

-Прокурор Цэрэнсодномыг шалгаж байгаа нь үнэн үү? АСЕМ-тай холбоотойгоор 17 албан тушаалтан шалгагдаж буй хэрэг юу болсон бэ?

-Цэрэнсодномтой холбоотой бичлэг цацагдсан. Энэ хүний бичлэг эвлүүлэг байсан гэдэг нь Цагдаагийн харьяалалтай хэрэг учраас манай байгууллага дээр энэ тухай асуудал байхгүй. Тухайн хүнтэй холбоотойгоор нээсэн байсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө.

-Дубайн гэрээтэй холбоотойгоор шалгагдаж буй хүмүүс бий юу? С.Баярцогтыг хорьсон гэх мэдээлэл байна. Үнэн үү?

-Дубайн гэрээ, Оюунтолгойн гэрээтэй холбоотой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.  Манай нийгэмд байгаа хүлээлт нь мөрдөн шалгах ажиллагаанд ордог цаг хугацааны талаар ойлголт өгөх үүднээс богино тайлбар өгье. Нэг хэрэг шалгана гэдэг тухайн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөд болчих асуудал биш нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх гэх мэт цогц ажиллагаа явагддаг. Дубайн гэрээтэй холбоотойгоор Монгол улсад учирсан хохирол хэр зэрэг юм, ямар ямар эрхзүйн хэм хэмжээнүүд зөрчигдсөн үү гэх мэт олон талаас нь шалгадаг учраас мөрдөн шалгах ажиллагаа удааширч буй мэт харагдаж байж болно. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг уран зураг хулгайлсан байж болзошгүй хэргээр шалгаж байсан. Ямар заалтаар шалгаж байгаа вэ?

-Уран зураг хулгайлсан гэдэг гэмт хэргийн шинжтэй учир цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа, манай байгууллага дээр шалгагдаагүй.

-Улаанбаатар хотын дарга Амарсайханыг албан тушаалаа урвуулан 50 га газар Хятадын компанид өгсөн үү гэх хэрэг шалгагдаж байгаа юу?

-Өнөөдөр ямар нэгэн мэдээлэл өгөх зөвшөөрөл өгөөгүй учир мэдээлэл өгөх боломжгүй.

-Д.Батбаяртай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа. Энэ талаар тодруулна уу.

-Бусдыг залилсан гэх гомдлыг ирүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон ЦЕГ-т шилжүүлэх санал хүргүүлсэн.

-Арбитр дээр Эрдэнэтийг санаатайгаар ялагдуулсан гэх гомдол танай дээр ирсэн гэсэн. Энэ талаар. Мөн "Жаст" групптэй холбоотой хэрэг ямар шатанд байгаа вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд баталгаа гаргаж Монгол Улсад хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа. "Жаст" групптэй холбоотой хэрэг шүүхийн хянан шийдвэрлэх шатанд байгаа тусдаа хэрэг.

-ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэргээр 14 гишүүний хэргийг хаах санал хүргүүлсэн гэсэн. Мөн гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон гэсэн. Нэрсийг нь хэлнэ үү?

-Дэмжих бичиг хийж өгсөн гэх УИХ-ын 50 орчим гишүүнтэй холбоотой хэргийг тусгаарлан шалгаж байна. Үүнээс зээл нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа төслүүд дээр зарим хэргийг нь хаах санал гаргасан. 

Таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бол үүнээс гурван гишүүнд нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учраас үндсэн хэргээс нь тусгаарлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг ямар шатандаа байна вэ?

-Шалгагдаж байна.

-АСЕМ-ын хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шалгагдаж байгаа. АСЕМ-д хэдэн төгрөг зарцуулагдсан, үүнээс хэд нь зөв зүйтэй зарцуулагдсан бэ, хэд нь үр ашиггүй зарцуулагдсан бэ зэргээр их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгахад цаг хугацаа их шаарддаг.

-ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй гэх хүмүүсийг танайхаас шалгаж байгаа юу. Эдгээр хүн хилээр гарсан хэмээх мэдээлэл байгаа?

-Эдгээр хүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.

-Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох 250 сая ам.долларын хэргийг танайх шалгаж байсан. Одоо шалгаж байгаа юу?

-Энэ хэргийг прокурорын байгууллагаас тодорхой үндэслэл гарган түдгэлзүүлсэн. Түүнээс биш хаагаагүй.

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг танайхаас шалгаж байсан. Түүнийг хэзээнээс эхэлж шалгасан бэ?

-ТЕГ-ын даргатай холбоотой асуудлаар 2018 оны 12 дугаар сард нийслэлийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоож ирүүлсэн.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байх хугацаанд буюу өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт нийслэлийн Прокурорын газраас хэргийг татаж хянаад тухайн хэргийг шалгах харьяалал цагдаагийн байгууллага гэж тодорхойлон цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Б.ГЭРЭЛ