Энэ тавдугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагад хүний амь эрсэдсэн тухай дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход Шарын гол сумын нутагт оршин суух 25 настай эмэгтэй З, 31 настай эрэгтэй М нар хутганы шархтай нас барсан байсан гэв. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр хамтран амьдраад удаагүй байсан залуу хосууд маргалдаж улмаар биесээ хутгалан хөнөөсөн байжээ.
Тэд хэрэг гарсан өдөр нэг нэгийгээ тус бүртээ хутга авч хутгалсан гэх бөгөөд гэрт нь аав нь 17 цагийн орчимд ирэхэд аль хэдийнэ хоёул амьсгал хураасан байсан аж. Хэргийн газарт ажилласан цагдаагийн алба хаагч нар хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг хураан авч, хавтаст хэрэгт хавсаргасан гэх бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Одоогоор хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгаж байна.