Сан Францискогийн Их Сургуулийн эрэгтэй сагсан бөмбөгийн баг болон ахлах дасгалжуулагч Крис Герлуфсен нар Лхагва гарагийн өглөө хамгаалагч Шаравжамцын Энхийн-Одыг багтаа элсүүлсэнийг албан ёсоор зарласан байна.
Дасгалжуулагч Герлуфсен "Бид Шаравжамцын Энхийн-Одыг Сан Францискогийн Их Сургуулийн сагсан бөмбөгийн багт нэгдсэнийг зарлаж байгаадаа баяртай байна. Майк тус сургуулийн фенүүдийн дуртай тоглогч болох боломж өндөр байгаа. Түүний ур чадвар, сагсан бөмбөгийн өндөр IQ, ерөнхий чадвар нь түүнийг багтаа урих гол шалтгаан болсон. Майк 2023 оны НБА-ын драфтын өмнөх бэлтгэлээ дуусгасны дараа манай сагсан бөмбөгийн гэр бүлд элсэхээр сонгосонд бид баяртай байна. Тэр Бэй Аэриа болон америкийн монголчуудын томоохон төлөөлөгч байх болно" хэмээн мэдэгджээ.
Шаравжамцын Энхийн-Од нь өнгөрсөн хавар Дейтоны Их Сургуультай гэрээ байгуулж, спортын тэтгэлэг авснаар Америкийн коллежийн сагсан бөмбөгийн I дивизионд тоглосон Монгол Улсын анхны иргэн болсон юм.
2022-23 оны улиралд Ш.Энхийн-Од нийт 32 тоглолтод тоглосны 20 тоглолтын гарааны бүрэлдэхүүнд багтсан. Тэрбээр "Дейтон Флайерс"-ын бүрэлдэхүүнд тоглосон улиралдаа 23.1 минут, 5.6 оноо, 2.6 оновчтой дамжуулалт, 1.9 самбараас бөмбөг авсан үзүүлэлтийг дунджилж, Атлантик 10 конференцийн шинэ тоглогчдийн "Бэлгэдлийн шигшээ" багт нэрлэгдсэн таван тоглогчийн нэг болсон.
Ш.Энхийн-Од Дейтонд элсэхээсээ өмнө ахлах сургуулийн карьераа Охайо мужийн Ксения хотын "Legacy Christian" клубт эхлүүлж, 2018-19 оны улиралд 19 тоглолтод 10.5 оноо дунджилжээ. Дараа нь тэрбээр Калифорнимужийн Напа хотын "Prolific Prep"-д тоглож байгаад Улаанбаатар хотод ахлах сургуульд шилжиж, 2021-22 оны улиралд Охайо мужийн Уиллоуби дахь Олон улсын спортын академи (ISA)-д суралцаж, ахлах сургуулиа төгссөн.
Ш.Энхийн-Од нь Сан Францискогийн Их Сургуулийн шигшээ багт 2023 онд шинээр элссэн Райан Бисли, Жүнжи "Барри" Ван, Малик Томас, Стефан Тодорович, Жонатан Могбо нар дээр нэмэгдэж зургаа дахь гишүүн болж байна.
Эх сурвалж: usfdons.com