Өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр /2023.03.11/ БНСУ-ын Кёнгидо мужийн Гапёнгүн хотод олон улсын боксын тэмцээн болсон. Тэмцээнд Монгол Улсаас “Lakva Boxing Promotions” боксын клубийн найман тамирчин оролцсон. Тоглолтын үеэр тус клубийн тамирчин Ж өрсөлдөгчөө хүнд цохиулсны улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн. Мөн сар гаруйн өмнө ухаан орсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус тэмцээний үеэр рингийн эмч байгаагүйн улмаас монгол тамирчин анхны тусламж авч чадалгүй биеийн байдал нь хүндэрч цус харвасан байж болзошгүй байгаа юм. Иймд БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад хэргийн яам, тоглогч Ж-ын дасгалжуулагч Д.Лхагва нар өмгөөлөгч авч БНСУ-ын Korea boxing east /KBS/ мэргэжлийн боксын холбоотой дээрх асуудлаар маргаан үүсгээд буй. Мөн Пан азийн аварга, МУГТ Д.Лхагва эл хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд эцсээ хүртэл явна гэдгээ хэлсэн юм. Түүний ярилцлагыг ЭНД ДАРЖ харна уу.
Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр уг харамсалтай ослын дараа Солонгосын боксын хороо (KBC) тэмцээнд оролцож буй тамирчдыг хамгаалахын тулд системээ ихээхэн сайжруулсан байна. Тухайлбал, Тавдугаар сарын 8-нд Солонгосын KBC телевизэд өгсөн ярилцлагадаа "Тоглолт зохион байгуулахдаа бид өмнөх өдөр нь мэргэжлийн эмчээр тоглогчдын эрүүл мэндийн үзлэгт оруулж, тархины томографын шинжилгээг хийлгэдэг болохоор төлөвлөж байна. Мөн тоглолтын үеэр гэнэтийн ослоос гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор даатгал авахаар болсон" гэж мэдэгдэв. Мөн хүнд гэмтэл авсан монголын тоглогчид тус тэмцээнд оролцсон солонгосын тамирчид нийлж, туслах зорилгоор хандив цуглуулж эхэлжээ.
Энэ талаар солонгосын хэвлэлд гарч буй мэдээллүүдээс эш татан хүргэвэл, Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд Кёнгидо мужийн Гапёнг-гүн хотод болсон мэргэжлийн боксын супер жингийн тэмцээний үеэр гарсан осол KBC-ийн системийг сайжруулав. Монгол Улсын тамирчин Жамъяанбат 3-р тойрогт БНСУ-ын тоглогч Жан Ин Сүтэй таарч, хүнд цохилтын улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэн, тархины хагалгаанд орсон. Хагалгааны дараа тоглогч тархины архаг цус алдалттай болохыг эмчээс мэдсэн KBC субъектив шинж тэмдэггүй өвчнийг шалгаж, тоглогчийг хамгаалах үзлэг оношилгоог нарийн хийдэг болохоор шийджээ. Нэгэн цагт үхлийн ирмэгт ирээд байсан Жамъянбат өдгөө ухаан орж, сэхээн амьдруулах тасгаас ерөнхий өрөө рүү шилжсэн байна. Мөн Жамъянбатыг Солонгост авч ирсэн. Дэлхийн боксын холбооны (WBA) хоёр жингийн аварга асан дасгалжуулагч Д.Лхагва осол гарснаас хойш холбоо бариагүй гэж Солонгосын Мэргэжлийн боксын холбоо мэдэгджээ.
Гэвч одоогоор дасгалжуулагч Д.Лхагва эл хэрэгт өмгөөлөгч авч тус холбоотой заргалдаж, өөрийн болон тоглогчийнхоо байр суурийг хамгаалсан хэвээр байгаа юм.
Түүнчлэн Солонгосын боксын холбоо /KBC/ ёс суртахууны хариуцлагаа биелүүлэхийн тулд Жамъянбатын эмчилгээний бүх зардлыг даах шийдвэр гаргасан юм. Мөн тус тэмцээнд оролцсон Хонг Су-хван, Мён-у Ю зэрэг боксчид 32 сая гаруй вон цуглуулахаар хүчээ нэгтгэсэн аж. Энэ талаар KBC "Үндэсний харьяаллаас үл хамааран бүх боксчид нэг сэтгэлээр харамсаж байна. Бид тоглогчдыг сэргээхийн тулд чадах бүхнээ хийх болно. Бид хандивын аяныг үргэлжлүүлэх болно" гэжээ.
Эх сурвалж: SBS