Д.Лхагва: Солонгосын тал манай тамирчныг өвчтэй байсан гэж гүтгэсэн. Бид энэ асуудалд хэрэг үүсгэж тултал нь шалгуулна /ВИДЕО/

Д.Лхагва: Солонгосын тал манай тамирчныг өвчтэй байсан гэж гүтгэсэн. Бид энэ асуудалд хэрэг үүсгэж тултал нь шалгуулна /ВИДЕО/

Өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр /2023.03.11/ БНСУ-ын Кёнгидо мужийн Гапёнгүн хотод олон улсын боксын тэмцээн болсон. Тэмцээнд Монгол Улсаас “Lakva Boxing Promotions” боксын клубийн найман тамирчин оролцсон. Тоглолтын үеэр тус клубийн тамирчин Ж өрсөлдөгчөө хүнд цохиулсны улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн. Мөн сар гаруйн өмнө ухаан орсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус тэмцээний үеэр рингийн эмч байгаагүйн улмаас монгол тамирчин анхны тусламж авч чадалгүй биеийн байдал нь хүндэрч цус харвасан байж болзошгүй байгаа юм. Иймд БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад хэргийн яам, тоглогч Ж-ын дасгалжуулагч Д.Лхагва нар өмгөөлөгч авч БНСУ-ын Korea boxing east /KBS/ мэргэжлийн боксын холбоотой дээрх асуудлаар маргаан үүсгээд буй. Тиймээс бид энэ талаар Пан азийн аварга, МУГТ Д.Лхагватай ярилцлаа.

ВИДЕО: 

-Тэмцээний үеэр яг юу болов?

-Олон улсын мэргэжлийн боксын тэмцээнд монголоос найман хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэмцээний үеэр манай тамирчин Ж цохилт авсны улмаас тархиндаа цус харваж ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн.

-Тоглогч Ж-ын биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Сар гаруйн өмнө ухаан орсон. Одоо биеийн байдал нь тогтвортой сайжирч байгаа. Сэхээнээс гарч, аппаратаасаа салсан. Одоо босохыг нь хүлээгээд байж байна. Өдөр бүр холбогдож асууж байгаа.

-Рингийн эмч байхгүй байсан гэх асуудал гарсан. Гэтэл тэмцээнд оролцоход даралт болон биеийн байдлын үзэж эрүүл гэсэн гарын үсэг зуруулж байж ордог. Манай тамирчид үзүүлсэн үү. Зөвшөөрөх гарын үсэг байв уу?

-Байсан. Гэвч анх үзсэн хүн нь эмч биш холбооны ажилтан байсан юм байна лээ. Тэрийг нь бид дараа нь SBS телевизийн ярилцлагаас баталгаажуулсан. Биднийг тэмцээнд оролцоход даралт болон биеийн байдал үзээд гарын үсэг зурах үед бид тэр хүнийг эмч л гэж бодсон. Гэтэл манай тамирчин хүнд цохилт авсны дараа үзүүлэх гэсэн боловч рингийн эмчгүй байсан. Гадаа түргэний машин зогсоосон эмч бололтой хүн байсан. Тиймээс тэр хүнээс өөрөө очиж солонгосоор тусламж хүсэж асуусан. Тэгсэн тэр хүн эмч биш болж таарсан. Гол асуудал нь энд л байгаа юм.

-Тэгэхээр нэг ёсондоо эмч болон түргэн тусламж байгаа мэт дүр эсгэж байсан гэсэн үг үү?

-Тиймээ. Ерөөсөө л нэг луйвар өнгөлөн далдлалт ч гэх юм уу. Тийм үйл явж болоод өнгөрсөн. Бид энэ дээр л маш их харамсалтай байна. Дараа нь холбооны ажилтан нь даралтыг нь үзсэн гэдгээ ярилцлагын үеэр хэлсэн байсан. Гэвч тэр газарт чинь мэргэжлийн эмч байх ёстой шүү дээ. Би өөрөө олон жил солонгост ч тоглож байсан. Дүрэмдээ мэргэжлийн эмч дундаа яг боксын тамирчдын түргэнээр мэргэшсэн эмч байх ёстой. Жирийн нэг эмч ч байх газар биш юм л даа.

-Тоглолтын үеэр тамирчин хүнд цохилт авах үед хөл нь хугарсан. Ганцаараа удаан алхсан гэж солонгосын хэвлэлүүдэд гарсан байсан?

-Тэр бол буруу мэдээлэл байгаа юм. Цохиод унасан тамирчныг дээрээс нь дахин цохино гэсэн юм байхгүй. Тэнд шүүгч байгаа шүү дээ. Тоглолтын үеэр Ж-г хүнд цохилт авсны дараа шууд зогсоосон. Мөн ямар ч хөлийн хугарал байгаагүй. Би өөрөө гүйж гараад тамирчнаа буулгасан. Хаанаас эх сурвалж авч мэдээлснийг нь мэдээгүй.

-Рингээс буусны дараа тамирчин гаднаа харагдах бэлтгэлгүй байсан гэж ойлголоо. Харин ямар шинж тэмдэг илэрч байв?

-Надад "багш жаахан нүд харанхуйлаад байна" гэсэн. Тэгээд би "эмч аваад ир" гэж бусдадаа хэлсэн.

-Тийм байдалтай хэр удсан бэ?

-Бараг 10-аад минут байлгасан. Хөдөлгөж болдоггүй учир суулгаад хүлээж байсан. Гэтэл эмч нь байхгүй болж таарсан. Тэгээд эмнэлэг явахаар болсон. Тэр үед түргэн тусламжаар ирсэн эмч "Ж-г рингээс буулгаад ир" гэж хэлсэн. Харин түргэн тусламжийн эмч гэх хүн "Болно. Зүгээр машин руу аваач" гэсэн. Тиймээс манай тамирчин рингээс бууж 30-аад метр алхсан. Үүнээс л болж бие нь бүр дордож харвалт өгсөн.

-Эмчийн үзлэгээр угаасаа тархиндаа харвалттай байхдаа тэмцээнд оролцсон гэх магадалгаа гарсан байсан?

-Үгүй ээ. Тийм юм байхгүй. Манайх бас тамирчдаа тэмцээнд явуулахдаа биеийн байдлын шалгаж явуулдаг. Тэр үеэр эрүүл гэж гарсан бүх бичгийн би солонгост аваачиж үзүүлсэн.

-Тоглогч Ж-ын хувьд хэдэн жил бэлтгэл хийсэн. Ямар түвшний тоглогч вэ?

-Манай тоглогч Ж хамт явсан тоглогчдоосоо хамгийн олон жил бокс тоглосон туршлагатай нь байсан. Одоо 30 хүрч яваа хүн. Улсын шигшээ багын тамирчин байсан. Улсын аваргаас мөнгө, хүрэл медаль авч байсан. Хамгийн туршлагатай тамирчин. Гэтэл манайхын бокс мэддэггүй. Залуу тамирчид явууллаа гэх шүүмж гарсан байна лээ. Манай тамирчин Ж-тай тоглосон тамирчин л гэхэд 20 гаруй насны хүн байсан. Ер нь тамирчдын зиндааны хувьд ялгарах юм байгаагүй.

-Одоогоор хэрэг үүсгэж өмгөөлөгч авсан байгаа гэсэн. Тэгэхээр хэрэг ямар шатандаа байгаа вэ.

-Солонгос талаас өмгөөлөгч авсан. Энд тамирчны маань эрүүл мэндээс гадна. Над руу чиглэсэн гүтгэлэг. Нэр хүнд гээд олон асуудал байгаа. Үнэн зөвийг нь олохын турд өмгөөлөгч авахаас өөр арга үгүй байдалд хүрсэн. Ерөөсөө л тэмцээн зохион байгуулсан солонгосын боксын холбооны алдаанаас болсон асуудал.

-Тэмцээн зохион байгуулсан Солонгосын боксын холбооноос ямар тайлбар хэлж өгч байна?

-Тэмцээн мэдээж солонгост болсон тул өөрсдийн зөв байх бүх л байр суурийг илэрхийлж байгаа. Тухайлбал, намайг монголд байх хооронд түрүүлээд БНСУ-ын SBS телевизэд ярилцлага өгсөн байсан. "Лхагва бэртэлтэй тамирчин авчирч мэдсээр байж тэмцээнд оруулсан" гэх утга бүхий яриа байсан. Үүнээс болж миний нэр хүнд ч нэлээд унасан. Би солонгост олон жил тоглосон учир боксынхон нь намайг мэднэ шүү дээ. Тэдний дунд ч гэсэн нэр хүнд унагаж, хүүхдийн биеийг бодолгүй ярьж байгаад маш их харамсалтай байна.

-Тус холбоонд өмнө нь бас эмчгүйн улмаас солонгосын алдарт тамирчид амиа алдаж байсан гэсэн?

-Тиймээ. Тэр бараг хориод жилийн өмнө. Мөн 5,6 жилийн өмнө ч иймэрхүү асуудал их гаргаж байсан юм байна лээ. Ерөөсөө засардаггүй. Алдаагаа аргалаад яваад байдаг газар байгаа юм. Тиймээс дараа дараагийн тамирчдадаа ч гэсэн анхааруулах үүднээс энэ холбоог зүгээр орхиж болохгүй гэж бодож байгаа. Гэхдээ ямар ч байсан бид эхний ээлжид тамирчнаа ямар байсан яг тэрүүгээр нь босгож авна. Үүний дараа тултал нь явна.

-Тоглогч Ж-ын хувьд бүрэн эдгэрч дахин рингэнд гарах боломжтой юу?

-Ер нь бол 30 хүрч байгаа учир карьер нь бууж байгаа гэх юм уу. Насны онцлогоороо зодог тайлах нас нь болсон байгаа. Эдгэрсэн нь ч гэсэн зодог тайлах нь дээр байх. Харин эрүүл мэнд тал дээр нь солонгосын сайн эмнэлэгт чанартай эмчилгээ хийлгэж байгаа.

-Энэ асуудалд ГХЯ болон Консул туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байгаа гэж сонссон?

-Тэгэлгүй яах вэ. Маш их тусалж байгаа. Манай ГХЯ, БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн орчуулагч гээд элэг нэгт монголчууд бас хүнийхээ төлөө ингэж явдаг юм байна гэдгийг харуулж байгаа. Ялангуяа хууль эрхзүйн хувьд маш их дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Тиймээс би хувиасаа болон тамирчдынхаа өмнөөс маш их талархаж буйгаа танай сайтаас дамжуулж хэлэх нь зүйтэй болов уу.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө