Энхтайваны гүүрний зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газарт “Эм энд Жи” констракшн гэх компани 11.8 га газрын зөвшөөрөл авч эцэстээ 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн байдаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Авлига хороолол" гэгддэг уг хороололтой холбоотой асуудлыг шалгаж, холбогдох мэдээллийг олон нийтэд гаргаж танилцуулах чиглэлийг Барилга хот байгуулалтын сайдад өгсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эл асуудал эцэслэгдээгүй байхад Усан парк барина гээд орон сууцны хороолол барьж буй “Эм энд Жи” констракшний барилга дээр ноцтой осол гарсан байна.
Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны оройн 23 цагийн орчимд цемент зуурмагийн машинд 19 настай залуу дарагдаж, хүнд гэмтэл авч, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Уг ослын талаарх дуудлага мэдээлэл Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.