Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ шүүгчийн шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон гэх нэр бүхий улстөрчидтэй холбоотой асуудлыг /2023.04.25/ хэлэлцэхээр болсон. Тус зөвлөлөөс уг асуудлыг хэлэлцээд шүүгчид нөлөөлсөн гэж үзвэл уг асуудлаар Улсын Дээд шүүхэд хандаж, улмаар Үндсэн хуулийн цэц хэлэлцэнэ гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөл уг асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын олон нийтэд мэдээлж байсан хэд хэдэн зүйл нь шүүхэд нөлөөлсөн байж болзошгүй байжээ.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
- 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд жагсагчидтай уулзах үеэрээ “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэсэн байдаг.
- 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй” хэмээсэн.
- 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэж мэдэгджээ.
Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
- 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр “Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой хэргийг шүүх дээр жил гаруйн хугацаанд байлгаж байгаад хэрэгсэхгүй болголоо. Т.Бадамжунайг ирдэг өдөр ингээд хаачихаж байгаа юм. Тэгсэн атлаа Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохидог. Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна. Тод жишээ нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчид боллоо. Хэргүүдийг Кёкүшюзан Д.Батбаярынх шиг шийдээд байвал бүх зүйл хэцүү болно. Би өөрөө Шүүхийн сахилгын хороонд хандана” гэж мэдэгдсэн байдаг.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын эдгээр мэдэгдэл нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан байж болзошгүй байсан тул уг асуудлыг ШЕЗ хэлэлцсэн байдаг. Харин өнөөдөр зарим хэвлэлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлыг ШЕЗ хэлэлцсэн гэх мэдээлэл гараад байгаа нь ташаа мэдээлэл юм.