Цагдаагийн байгууллагаас хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, аюулгүй хотыг бий болгох зорилгоор “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Тэгвэл тус төслийн үр дүн эхнээсээ гарч эхэлжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт гарсан "зам тээврийн эзэнгүй гэх осол"-ыг "Ногоон бүс" төслийн хүрээнд суурилуулсан камерын тусламжтайгаар илрүүлсэн байна. Хэргийн талаар мэдээлэхэд, Чингэлтэй дүүрэгт зам тээврийн ослоор хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад приус маркийн автомашины жолооч Э нь явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байжээ.
Тухайн жолооч нь "Гранд плаза" худалдааны төвийн ойролцоох зам дээр явган зорчигчийг мөргөжээ. Улмаар амь хохирогч нь тухайн автомашины доор чирэгдэж, "Бөмбөгөр" худалдааны төвийн ойролцоо хаягдсан болох нь камерын бичлэгт үлджээ.
Харин жолооч эмэгтэй "Хүн дайрч, чирч явснаа мэдээгүй" хэмээн мэдүүлсэн байна. Тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Иймд иргэд та бүхний авто замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.