"Оросуудад Европ хаагдсан" тул тэд “Азийн орон” болохоор Монголд сонирхлоо нэмэгдүүлж байгаагийн нэг илрэл нь Э.Одбаярт халдсан явдал

"Оросуудад Европ хаагдсан" тул тэд “Азийн орон” болохоор Монголд сонирхлоо нэмэгдүүлж байгаагийн нэг илрэл нь Э.Одбаярт халдсан явдал

Польшийн ерөнхийлөгч А.Дуда айлчилсан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барих гэсэн ч АН дэмжих эсэх талаараа “улс төрийн шийдвэр” гаргахгүй байгаа гээд улс төрд олон үйл явдал өрнөсөн долоо хоног болж өнгөрч байна. Мөн дайныг эсэргүүцэж бямба гараг бүр ОХУ-ын элчин сайдын яамны гадна цуглаан хийдэг “No war” хөдөлгөөний Э.Одбаяр руу үл таних этгээд халдсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Тус явдлыг иргэд олон янзаар тайлбарлаж байна.

-ОРОСУУДАД ЕВРОП БҮРЭН ХААГДСАН ТУЛ ТЭД ХЯТАДАД ХҮРЧ “АЗИЙН ОРОН” БОЛОХООР МОНГОЛ ДАХЬ СОНИРХЛОО НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА-

Харин яг энэ цаг үед Оросын Украинд түрэмгийлсэн явдлыг барууныхан буруутгаж, Европын орнууд Оросуудад хориг тавьж, бүрэн хаагдаад байна. Тодруулбал, ОХУ-тай хийдэг экспорт, импортоо зогсоож, Европын орнууд агаарын орон зайдаа ч Оросын онгоцыг нисгэхгүй байна. Иймд ОХУ гадаад харилцаа, худалдаагаа Азийн орнуудтай хийж эхлээд байна. Тухайлбал, Хятад, Энэтхэг улсуудад эрчим хүчний түүхий эдээ Оросууд хямд үнээр нийлүүлж “дайны эдийн засаг”-аа аварч байна. Мөн Оросын хөлбөмбөгийн шигшээ болон клубүүдийг Европын бүх тэмцээнээс хассан тул ОХУ-ын хөлбөмбөгийн холбоо Азийн хөлбөмбөгийн холбоонд элсэх асуудал ч яригдаж байна. Энэ бүхэн бол Оросуудад Европын орнууд хаалттай болсон тул тэд “Азийн орон” болж байгаагийн нэг нотолгоо.

Иймд монгол дахь оросын сонирхол ч ихээхэн нэмэгдэж байгаа гэсэн үг. Үүний нэг жишээ нь манай улсад суух ОХУ-ын элчин сайдаар А.Н.Евсиков томилогдож, Улаанбаатар дахь РЦНК, Үнэн алдартны сүм зэргийн үйл ажиллагаа нь идэвхэжсэн явдал юм.

Тодруулбал, өмнө нь манай улсад суух ОХУ-ын элчин сайдууд туршлагын хувьд тийм ч сайн хүмүүс томилогдож байгаагүй. Харин саяхан томилогдсон Оросын элчин А.Н.Евсиков нь Бээжингийн их сургуулийг төгссөн, БНХАУ дахь Оросын элчин сайдын яаманд 1986 оноос 2019 оныг хүртэл ажилласан бол 2019 оноос эхлэн ОХУ-ын Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байжээ. Энэ нь  оросуудын Монгол Улс дахь сонирхол нэмэгдсэн, магадгүй тэднийг Хятадад хүргэх зам нь Монгол Улс гэж харж байхыг ч үгүйсгэхгүй.

-УЛААНБААТАР ДАХЬ РЦНК-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ИДЭВХЖИЖ БАЙГАА БОЛ ОРОСУУДЫН СОШИАЛ ДАХЬ ОРОЛЦОО Ч НЭМЭГДЭЖ МАГАДГҮЙ-

Мөн Улаанбаатар хот дахь РЦНК буюу Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн үйл ажиллагаа сүүлийн жилд идэвхжих болсон. Тодруулбал, РЦНК манай улсын 21 аймагт салбараа саяхан нээсэн гэх мэдээлэл ч байна. Харин барууны орнуудад Оросын РЦНК болоод Үнэн алдартны сүм нь тагнуулын үйл ажиллагаа явуулдаг хэмээн үйл ажиллагааг нь зогсоож, гишүүдийг нь өөрийн орноосоо хөөж буй. Мөн саяхан Кипр улсдахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв халдлагад өртөж шатсан тохиолдол ч гарсан. Гэтэл манай улсад РЦНК болон Баянзүрх дүүрэгт байрлалтай Үнэн алдартны сүмийн үйл ажиллагаа ихээхэн идэвхжээд байгаа гэдэг. Цаашлаад Монголын сошиал орчинд ч Оросуудын оролцох оролцоо ч нэмэгдэж байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар тэднийг туршлагатай гэж хэлж болно.

Учир нь, ОХУ-д тавьсан хоригийг цуцлуулахын тул Д.Трампыг дэмжиж АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Оросууд нөлөөлсөн болох нь тогтоогдсон.

Jenne Abrams гэх Оросын хуурамч хаяг

Тухайлбал, Женне Абрамс /Jenne Abrams/ хэмээх үндсэрхэг үзэлтэй бүсгүйн твиттер хаяг Д.Трампыг магтаж, өрсөлдөгч Хиллари Клинтоныг газарт ортол нь муулж байсан гэдэг. Жена Абрамсын жиргээг Д.Трампын хөвгүүд твиттерт retweet хийж, томоохон хэвлэлүүд жиргээг нь онцолж байсан. Гэтэл тус твиттер хаяг нь ОХУ-ын Евгений Пригожины бүтээгдэхүүн, Оросын утасны дугаарт бүртгэлтэй тролл хаяг гэдгийг нь 2017 онд мэдсэн байдаг. Иймд Женне Абрамс шиг хуурамч хаяг твиттерт л гэхэд 4 мянга орчим байсан гэдэг. В.Путины тогооч гэгддэг Евгений Пригожин өдгөө Вагнер хэмээх хөлсний цэргийн армиа Украинд тулалдуулж буй.

-ОРОСУУДЫН МОНГОЛД ДАХЬ СОНИРХОЛ НЬ НЭМЭГДЭЖ БАЙГААГИЙН НЭГ ИЛРЭЛ НЬ Э.ОДБАЯРТ ХАЛДСАН ЯВДАЛ УУ-

Энэ бүхнээс үзвэл “No War” хөдөлгөөний Э.Одбаярын эрх чөлөөнд үл таних этгээд халдсан явдлын цаана Оросууд байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.Учир нь тус этгээд цэргийн баяраар /2023.03.18/ Оросуудыг магтсан “Ура” гэх дууг олон нийтэд хүргэсэн байгаа юм. Тус дууны зураг авалт “Жуковын хөшөө”-ны дэргэд хийгдсэн бөгөөд “төрийн үйл ажиллагааг шүүмжилж, иргэний дайн, тогтолцоог нь нураана” зэрэг үг оржээ. Иймд тус дууг хэн хийлгэв гэх хардлага ч төрж байгаа юм.

ВИДЕО: Э.Одбаярт халдсан этгээдийн "Ура" дууны клип

Учир нь Оросууд бол гэр бүлийн хүмүүжил муу, үзэж харсан зүйл байхгүй, хэт үндсэрхэг үзэлтэй иргэдийг ашиглаж, Оросын бодлогыг шүүмжилж буй нийгмийн тодорхой хэсэг рүү халдаж байхыг ч үгүйсгэхгүй. Товчхондоо, Оросуудад Европ хаагдсан тул тэд “Азийн орон” болохоор Монгол дахь сонирхлоо нэмэгдүүлж байгаагийн нэг илрэл нь Э.Одбаярт халдсан үйл явдал байж болзошгүй байна.