Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр энэ оны нэгдүгээр сарын 19 /2023.01.19/-ны шөнө хойшлуулшгүйгээр саатуулсан. Үүнээс хойш түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь үргэлжилсээр байгаа.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Харин Ц.Хулантай хамт шалгагдаж буй Б.Отгонбаатар нь бурхан шашны үйл ажиллагаа явуулдаг лам хүн байсан гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл Б.Отгонбаатарыг батлан даалтад гаргасан талаар "Өдрийн сонин" өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Гэтэл Ц.Хуланг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах хүсэлт удаа дараа гаргасан ч хуулийн байгууллага зөвшөөрөхгүй байгаа аж.
Энэ талаар Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж хүсэлт гаргаад байгаа аж. Тэрээр хүсэлтдээ, “Ц.Хулан нь архаг хууч хүнд өвчтэй, эмнэлгийн байнгын хяналтад байдаг, удаа дараа ухаан алдаж унасан, одоогоор биеийн байдал ноцтой хүнд байна. Ц.Хулантай адил Эрүүгийн хуулийн 19.4-т заасан гэмт хэргийн холбогдогч П.Отгонбаатар нь эрэгтэй залуу хүн, хувийн батлан даалтад байхад шүүх прокурорын байгууллага хүний эрхийг зөрчиж, хэргийн холбогдогчдод ялгавартай хандаж байна” гэжээ.