УИХ-ын сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентын гишүүдийн тоог нэмэх гээд манай дотоод улс төрд анхаарал татсан олон үйл явдал өрнөж байна.
Харин гадаад харилцааны хувьд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч В.Нуланд өнгөрөгч лхагва, пүрэв гараг /2023.04.19-20/-т айлчилсан бол, ирэх даваа гараг /2023.04.25/-т Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад төрийн айлчлал хийх гэж байна. Улмаар ирэх есдүгээр сар /2023.09/-д Католик шашны тэргүүн Ромын пап Франциск Монгол Улсад айлчилна гэдгээ баталсан, цаашлаад Францын ерөнхийлөгч Э.Макрон Монголд айлчилна гэх мэдээлэл гараад байна.
-“ОРОСЫН ЭСРЭГ ҮЗЭЛТЭН” ХЭМЭЭН АЖЛААСАА ХАЛАГДАЖ БАЙСАН АНУ-ЫН ХАМГИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ОРЛОГЧ ДАРГА МОНГОЛД АЙЛЧЛААД БУЦАВ-
Сонирхолтой нь, АНУ-ын ерөнхийлөгчөөр Д.Трамп ажиллаж байхдаа 2016-2020 оны хугацаанд хадагтай В.Нуландыг “Оросын эсрэг үзэлтэн” хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан ч, Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор хадагтай В.Нуланд ажилдаа буцаж томилогдсон гэх мэдээлэл бий. Одоо тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төр хариуцсан орлогч даргын албан тушаалыг хашиж буй юм.
Түүний монголд хийсэн айлчлалын талаар зарим эх сурвалжууд, “АНУ-ын хамгийн нөлөө бүхий албан тушаалтан Монголд айлчлал хийгээд буцлаа” хэмээж дүгнэж буй.
Хадагтай В.Нуланд айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай уулзалт хийж, “Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг бэхжүүлэхийг чухалчилсан” байна. Мөн тэрээр 1988, 2023 онд Сүхбаатарын талбайд авхуулсан зургаа жиргэсэн юм. Учир нь тэрээр 1988 онд АНУ-ын элчин сайдын яамыг байгуулахаар монголд ирж байжээ. Өмнө нь дөрвөн жилдээ нэг удаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нар монголд айлчилдаг байсан бол, 2016 оноос эхлэн МАН төрийн эрхийг авснаар АНУ-ын өндөр дээд албан тушаалын хүмүүсийн манай улсад хийх айлчлал зогссон хэмээн дүгнэх хэсэг ч байна.
Great being back in Mongolia to see all the progress the country has made while remaining true to its heritage and rich culture since we first opened @USEMBMongolia in 1988. pic.twitter.com/do0pxxdtxx
— Under Secretary Victoria Nuland (@UnderSecStateP) April 19, 2023
-ПОЛЬШИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ А.ДУДА КОММУНИЗМЫН ХҮМҮҮСИЙН НЭРЭЭР ГУДАМЖ, ТАЛБАЙГ НЭРЛЭХИЙГ ХОРИГЛОЖ, ОРОСУУДЫГ УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДАЖ БАЙВ-
Харин өдгөө Украинд илгээж буй олон улсын тусламжийг өөрийн нутаг дэвгэрээр дамжуулж, тус улсын “ганц ар тал” болж буй Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад хоёр хоног төрийн айлчлал хийх гэж байна. Польшийн ерөнхийлөгчийн монголд хийж буй айлчлал анхных биш. Учир нь 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгаар Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовски манай улсад айлчилж байсан. Учир нь Монгол, Польш улсууд эртнээс уламжлалт харилцаатай бөгөөд ардчиллын замаар замнаж орнууд юм.
Иймд ирэх долоо хоногт хийх Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт харилцаа хэвийн түвшинд байгааг илтгэхийн зэрэгцээ, Монгол Улсын ардчиллыг үнэлж буй нэг хэлбэр хэмээн дүгнэх хэсэг ч байна. Анджей Дуда манай улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа аж. Учир нь Бронислав Коморовскийг 2013 онд монголд айлчлахад Анджей Дуда түүний тамгын газрын дарга байсан бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байжээ.
Сонирхуулахад, социализмын үеэс л найрсаг харилцаатай явж ирсэн манай хоёр улс 2008-2009 онд элчин сайдын яамдаа татан буулгаж байв. Харин үүнээс 10 гаруй жилийн дараа буюу 2021 оны нэгдүгээр сард Польш улс элчин сайдын яамаа монголд дахин нээх шийдвэр гаргасан юм.
Ирэх долоо хоногт манай улсад айлчлах Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда нь Евро парламентад улсаа төлөөлж байсны зэрэгцээ, тэрээр католик шашинтан бөгөөд шашны арга хэмжээнд их оролцдог байна. Мөн 2016 онд А.Дуда 1944-1989 оны коммунизм эсвэл өөр тоталитар дэглэмийн хүмүүсийн нэрээр гудамж, талбай барилга байгууламж болон бусад нийтийн байгууламжийн сурталчлан нэрлэхийг хориглох тухай хуульд гарын үсэг зурж байжээ. Мөн 2017 онд А.Дуда “1930-аад онд Зөвлөлт засгийн зүгээс Польшчуудыг устгасан" гэдгээ хүлээх нь хоёр орны харилцаа сайн байх урьдчилгаа нөхцөл болно” гэж мэдэгдэж байжээ.
-ОРОС, ХЯТАДЫН ЭСРЭГ БОДЛОГЫГ БАРУУНД “ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ” ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Э.МАКРОН МОНГОЛД АЙЛЧИЛНА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ГАРЧ ЭХЭЛЛЭЭ-
Католик шашны тэргүүн Ромын пап Франциск ирэх есдүгээр сар /2023.09/-д Монгол Улсад айлчилна гэдгээ агаарын тээврийн “ITA Airways” компанийн удирдлагууд болон ажилтнуудтай уулзах үеэрээ баталсан юм. Учир нь “ITA Airways” нь Ромын папын албан ёсны тээвэрлэгч компани аж. Харин Ромын папын айлчлал нь “монголын ардчиллыг дэмжих, нөгөө талаар өмнө нь Католик шашны тэргүүн манай улсад айлчлахаар төлөвлөж байгаад насан эцэлсэн тул, үүнийг нь гүйцэлдүүлж байгаа” хэмээн тайлбарлах хэсэг ч олон байна.
Харин манай улсад Францын ерөнхийлөгч Э.Макрон айлчилж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Тэрээр олон улсын харилцаа хурцадмал байгаа энэ үед Орос болон Хятадад айлчлаад буй.
Иймд түүнийг “тэнцвэржүүлэгч” хэмээн олон улсад үнэлж буй. Учир нь Францын ерөнхийлөгч Э.Макрон ОХУ-д айлчилж, В.Путинтай уулзах үеэрээ “дайнаа зогсоож, дипломат яриа хэлэлцээ эхлүүлэх”-ийг уриалж байсан бол, саяхан Хятадад хийсэн айлчлалынхаа дараа “Тайваний асуудалд Франц улс АНУ болон барууны орнуудаас өөр байр суурьтай байна” гэж мэдэгдсэн. Энэ утгаараа Франц улс болон Э.Макроныг “тэнцвэржүүлэгч” хэмээн олон улсад үнэлж буй юм.