БАРИМТ: Монголын баялагт шунасан хятад эр “Эрдэнийн босго" ХХК-ийн лицензийг булааж авахаар, монгол эмэгтэйг эх оронд нь дарамталж байжээ /ВИДЕО/

БАРИМТ: Монголын баялагт шунасан хятад эр “Эрдэнийн босго" ХХК-ийн лицензийг булааж авахаар, монгол эмэгтэйг эх оронд нь дарамталж байжээ /ВИДЕО/

“Эрдэнийг босго” компани өөрийн эзэмшлийн Сүхбаатар аймагт байрлах “Хулман нуур” нүүрсний орд газартаа олборлолт хийхээр Хятадын иргэн Шөн Жиан шуан гэгчтэй 2012 онд таван жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэтэл Монголын баялагт шунасан Хятад эр “Эрдэнийн босго” компанийн лицензийг өөрийн болгохын тулд Монгол Улсын иргэн А.Энхээг дарамталж, түүний гэр бүлд халдсан байж болзошгүй, мөн үүнд нь дунд шатны төрийн алба хаагчид ч оролцож байж магадгүй баримтыг бид энэ удаа дэлгэж байна.

ВИДЕО: Facebook

-“ЭРДЭНИЙГ БОСГО” ХХК НЬ БНХАУ-ЫН ИРГЭН ШӨН ЖИАН ШУАН ГЭГЧТЭЙ НҮҮРС ОЛБОРЛОХ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ БАЙГУУЛЖЭЭ-

“Эрдэнийг босго” компани нь 2012 онд БНХАУ-ын иргэн Шөн Жиан Шуан гэгчтэй нүүрс олборлох хамтран ажиллах гэрээг таван жилийн хугацаатай байгуулжээ. Улмаар гэрээний хугацаанд хятадын тал нь Монголд 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 13 тэрбум гаруй төгрөгийн нүүрсийг борлуулсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн аудитын шалгалтаар тогтоогдсон байна. Гэтэл “Эрдэнийг босго” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан хятадын иргэн нь гэрээний хугацаанд ийнхүү нүүрс олборлон, борлуулж байсан ч “Эрдэнийн босго” компанид ногдол ашиг өгөхгүй, Монголын баялгаас олсон орлогоосоо улсад төлөх ёстой татвараа цаг тухайд нь төлөхгүй, мөн олон тооны хятад ажилчид оруулж ирэн ажиллуулах болсон байна. Тиймээс “Эрдэнийн босго” компани нь тухайн хятад иргэнтэй цаашид хамтран ажиллах гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгджээ.

ВИДЕО: Youtube 

-ХЯТАДУУД А.ЭНХЭЭГИЙН УУРХАЙГ ӨӨРИЙН БОЛГОХЫН ТУЛД ТҮҮНИЙГ ДАРАМТАЛЖ ЭХЭЛСЭН БАЙНА-

Гэтэл Шөн Жиан Шуан гэгч нь гэнэт “Эрдэнийн босго” компанийн хувьцаа эзэмшигч А.Энхээг хуулийн байгууллагаар янз бүрийн үндэслэлээр шалгуулж эхэлсэн байна. Ингэхдээ тэрбээр “Эрдэнийн босго” компанийн хувьцаа эзэмшигч А.Энхээг "өөрийг нь залилсан" мэтээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр өргөдөл гомдол гаргажээ.

Харин хуулийн байгууллагаас шалгаж үзээд "Энэ нь эрүүгийн хэрэг биш. Иргэний журмаар шийдвэрлэх асуудал байна" хэмээн хэргийг хаасан байна.

Тухайн хятад иргэн нь ийнхүү хуулийн байгууллагаар шалгуулж байх явцдаа А.Энхээг өөрийнх нь эзэмшлийн уурхайн кемпэд оруулахгүй, дарамталдаг байсан аж. Үүгээр ч зогсохгүй түүнийг охиныг харуй бүрийн цагаар үл таних этгээдээр зодуулж, аймшигтайгаар эрх чөлөөнд нь халдуулсан байж болзошгүй байгаа юм. Мөн уурхайг нь эзэлж аваад байсан хамгаалалтын залуус ч "Эрдэнийн босго" компанийн захирал А.Энхээгийн хүүгийн биед халдана хэмээн айлган сүрдүүлж байжээ. Энэ нь магадгүй тухайн хятад иргэн Шөн Жиан Шуан Монгол Улсын иргэн А.Энхээгийн уурхайг өөрийн болгох гэсэн санаархал уу гэх хардлагыг төрүүлнэ. Үүнийг тодотгох бас нэгэн баримт байгаа юм.

-ХЯТАДУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАДАГ ГЭХ Ц.ОРГИЛ ААВ Ш.ЦОГБААТАРТАА НӨЛӨӨЛЖ, А.ЭНХЭЭГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР “ОРООДОГ” БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Хятад улсын иргэн Шэн Жиан Шуан гэгчийн “Залилуулсан” гэх гомдлыг нь прокурорын байгууллагаас “эрүүгийн хэрэг биш иргэний маргаан” хэмээн хаасны дараа 2018 онд цагдаагийн хурандаа Ш.Цогбаатарын удирдлага дор ажиллаж байсан Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч Э.Түвшинтөгс, “Эрдэнийн босго” ХХК-ийн эзэмшил, өмч хөрөнгө, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл зэргийг 2018 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хязгаарлах шаардлагатай байна” хэмээн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүхэд хандсан байгаа юм.

Үүнийг нь тэрбээр зөвшөөрч, “Эрдэнийн босго” компанийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах хязгаарлах ажиллагааг мөрдөгч Э.Түвшинтөгс хэрэгжүүлнэ гэсэн зөвшөөрсөн байна. Харин Улсын ерөнхий прокурор 2018 оны есдүгээр сарын 03-ны өдрийн мэдэгдэх хуудсаараа, “Эрдэнийн босго" ХХК-д хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол хүчинтэй байхад хэрэг нээн шалгаж байгаа нь үндэслэлгүй” хэмээн мэдэгдэж байжээ.

Энэ бүхнээс үзэхэд үүнд Нийслэлийн Мөрдөн байцаах албаны даргаар ажилласан байсан Ш.Цогбаатарын нөлөөлөл байсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Нөгөөтээгүүр, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга асан Ш.Цогбаатарын хүү Ц.Оргил нь "Эрдэнийн босго" компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан хятад иргэнтэй хөрс хуулалтын чиглэлээр хамтран ажилладаг байсан байж болзошгүй бөгөөд түүнийг хятад хэлтэй, хятадуудтай ойрхон ажилладаг гэх мэдээлэл бий. Тодруулбал, Ц.Оргилын “Дорнын интернэшнл трейд” компани нь Зайсанд байрлалтай Хятад шорлогын газрыг ажиллуулдаг. Мөн тэрбээр уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг “Юнифай” компанийг эзэмшдэг гэх мэдээлэл ч байгаа юм. Харин Ш.Цогбаатар нь Экологийн цагдаад удирдах албан тушаал хашиж байхдаа Хятад компанийн арыг даадаг уу гэх хардлагад ч өртөж байснаас гадна Польш улсад ч эрэн сурвалжлагдаж байсан нэгэн юм.

-ШЭН ЖИАН ЮН ГЭХ ХЯТАД ИРГЭН НЬ ДОРЖЗОДОВЫН ДАМДИНСҮРЭН ГЭХ НЭРЭЭР МОНГОЛ УЛСЫН ИРГЭНШИЛТЭЙ БОЛЖ А.ЭНХЭЭГ ШАЛГУУЛЖ ЭХЭЛЖЭЭ-

Үүнд бас нэгэн анхаарал татаж байгаа зүйл нь Хятадын улсын иргэн Шэн Жиан Шуан гэгчийн өмнөөс өдгөө Монгол Улсын иргэншлийг Доржзодовын Дамдинсүрэн гэх нэрээр хэдэн жилийн өмнө авсан Хятадын иргэн асан Шэн Жиан Юн / Shen Jianyong/ гэгч өргөдөл гомдол гарган цагдаагийн байгууллагаар А.Энхээг дахин шалгуулж эхлээд байгаа явдал.

Учрыг тодруулбал, "Эрдэнийн босго" компанитай гэрээ байгуулан ажиллаж байсан хятадын иргэн Шэн Жиан Шуан гэгч нь хэдэн жилийн өмнө нутаг буцжээ. Гэтэл 2014 онд Монгол Улсын иргэн болсон "хөөрөг дамдин" гэх хочтой Д.Дамдинсүрэн гэгч нь гэнэт гарч ирээд өдгөө А.Энхээг хуулийн байгууллагаар шалгуулах болсон явдал.

Харин энэ бүхэн нь "Эрдэнийн босго" ХХК-ийн уурхайг авах гэсэн хятад иргэдийн санаархал байж болзошгүй байна. Тиймээс ч Монгол Улсын иргэн А.Энхээ нь уг асуудлаар АТГ, Ерөнхийлөгч, Хууль зүйн сайдад хандах болно гэдгээ мэдэгдсэн юм. Энэ талаар тэрбээр "Би уул уурхайн салбарт ажиллаж, эх орондоо сайхан л амьдрахыг хүссэн жирийн л нэгэн Монгол эмэгтэй. Гэтэл хятадуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласныхаа эцэст уурхайгаа алдах магадгүй хэмжээнд хүрээнд байна. Тэд миний үр хүүхдэд хүртэл халдсан. Халдахыг завдсан байж магадгүй байгаа. Гэвч би бууж өгөхгүй. Жирийн нэгэн явуулын хүнд уурхайгаа дээрэмдүүлнэ гэж бодохгүй байна" хэмээсэн юм. Ямартай ч бид Монголын баялагт шунасан Хятад эр монгол эмэгтэйг монголд нь хэрхэн дарамталж байгаа баримтыг сөхлөө. Бид хэрэг явдлын үргэлжлэлийг олон нийтэд мэдээлсээр байх болно.