Хөгжлийн банкны гурав дахь сонсголыг ирэх даваа гарагаас эхлэн /2023.03.13-17/-ны өдрүүдэд зохион байгуулна гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдсэн.
Тэрбээр “Түр хорооны сонсголыг өмнө нь нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд тус тус явуулсан ба гурав дахь шатны сонсгол энэ сарын 13-17-ны хооронд болно. Тус шатны сонсголоор нэгдүгээрт, Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлийн зарцуулалт яригдана. Хоёрдугаарт, 2011-2020 хүртлэх хугацаанд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудад байршуулсан нийт 3280 мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн.
Мөн үеэр энэхүү асуудал хөндөгдөнө. Тус удаагийн нээлттэй сонсголд 210 хүн, албан тушаалтныг гэрчээр дуудсан.
Үүнд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, МCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, “Таванбогд трейд” группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, “Буян” компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр, түүний охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарыг гэрчээр дуудахаар болсон” гэлээ. Тэрбээр мөн үеэр хэлэхдээ энэхүү хянан шалгах сонсгол нь шүүхийн ажиллагаанаас тусдаа, гэм буруугийн тухай асуудал яригдахгүй. Зөвхөн ард түмний мэдэх эрхийг хангах хүрээнд зохион байгуулагдаж буй ажил болохыг онцолсон юм.