МАН-ын зарим дарга нар хүү, охин, хүргэн, бэрүүдээ төрийн байгууллагуудад газар, хэлтэс, албаны даргаар томилуулсан тухай мэдээлэл тогтмол гардаг. Тэгвэл МАН-ынхан энэхүү томилгоонуудаа “Алтан ургийнхан”, “Харвард, Оксфордынхон”, “Хип, хопчид” гэж ангилдаг бөгөөд үүнд багтаагүй тус намын жирийн гишүүд нь албан тушаал, ажилгүй үлддэг гэсэн бодит шүүмжлэл гардаг байна.
Тодруулбал, МАН-ын “Алтан ургийнхан”-д хэн, хэн багтдаг тэд хаана, ямар албан тушаал хашдаг болохыг бид мэдээлсэн. Тэднээс дурдвал, одоогийн зарим УИХ-ын гишүүнээс эхлээд “Эрдэнэт” үйлдвэрийн 100 гаруй сая төгрөгөөр Канадын Торонтогийн их сургуульд сурсан Х.Бадамсүрэнгийн охин Б.Буянжаргал хүртэл үргэлжлэх юм. Энэхүү жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр “Харвард, Оксфордынхон”, “Хип, Хопчид” ангилалд багтдаг гишүүд хаана, ямар ажил албан тушаал хашиж буй талаарх мэдээллийг хүргэж байна.
МАН-ЫН “ХАРВАРД, ОКСФОРДЫНХОН” АНГИЛАЛД:
- Ховдод нэр дэвшихээр бэлдэж байгаа Уул, уурхайн дэд сайд асан, МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал
- Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ
- Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа Колумбын их сургуулийг төгссөн ч энэ ангилалд багтдаг байна
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо зэрэг гишүүд нь багтдаг байна.
Харин МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нь “Алтан ургийнхан” ангилалд багтдаг байна. Учир нь түүний аав УИХ-ын гишүүн Сү.Батболд юм. Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуульд МАН боловсролтой гэгдэх дээрх залуусаараа “имиж” хийж нэр дэвшүүлэх нь тодорхой болоод байгаа аж.
МАН-ЫН “ХИП, ХОПЧИД” АНГИЛАЛД:
Харин гудамжны улс төр, шүүмжлэлээрээ улс төр хийж дээшээ гарсан гишүүдээ МАН дотооддоо “Хип хопчид” гэдэг байна. Эдгээрт:
- УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар
- Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэл нарын залуус багтдаг байна.
Сонирхолтой нь, эндээс харвал МАН-ын “хип хоп” ангиллынхан зарим гишүүд болох Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Б.Ганхуяг нар "Нүүрсний" гэх хэрэгт шалгагдан, хоригдож, яллагдагчаар татагдаад байгаа юм.