УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдал хүлээсэн тул тус намын дарга асан С.Эрдэнэ тамгаа УИХ-ын гишүүн Ц.Туваанд хүлээлгэн өгсөн байдаг. Улмаар С.Эрдэнэ Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан АН-ын тамгыг шинээр хийлгэсэн авсан байдаг.
Харин Ц.Туваан “С.Эрдэнэд шинээр хийж өгсөн АН-ын тамга нь хүчинтэй бус” хэмээн УБЕГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байдаг. Тэгвэл АН-ын тамганы тус маргаан шүүх дээр үргэлжилсэн хэвээр байгаа аж. Харин саяхан АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж, Улсын дээд шүүхээс тогтоол гарсан.
Тэгвэл Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийг шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2023.02.28/ болсон байна. Улмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хурлыг гуравдугаар сарын 14 /2023.03.14/-ний өдрийг хүртэл хойшлуулсан аж. Учир нь нэхэмжлэгч Ардчилсан намаас "АН-ын дарга шинээр сонгогдсонтой холбоотойгоор нэхэмжлэгчийг төлөөлөх этгээдийг томилох хугацаа өгөх"-ийг хүссэн байна.
Харин зарим эх сурвалж, “АН-ын даргаар бүртгэгдсэн Л.Гантөмөр УБЕГ-т хандаж тус намын тамгыг дахин шинээр хийлгэж авахаар болсон” гэсэн мэдээллийг өгч байна. Учир нь АН албан ёсны даргатай болсон тул шүүх дээр яваа тамганы өмнөх маргаан ач холбогдолгүй болсон ажээ.