Засгийн газрын өнөөдрийн /2023.03.01/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зарим гишүүнийг яллагдагчаар татсан бөгөөд тэднийг хэзээ чөлөөлөх тухай мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Одоогоор нэг сайд албан ёсоор яллагдагчаар татагдсан. Хэд хэдэн сайд шалгагдаж байгаа зүйл байхгүй. Яллагдагчаар татагдсан сайд тэр даруйдаа УИХ-ын болон Засгийн газрын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Энэ сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар уг асуудал яригдана. 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилохдоо Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр хийдэг процесстой болсон. Иймд өргөдлөө өгсөн сайдын асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээр танилцуулж, дараагийн сайдыг томилох асуудал яригдана. Харин улс төрийн намын тухайд дүрмийн дагуу намын гишүүн нь яллагдагчаар татагдсан тохиолдолд нэг сарын дотор түдгэлзэх өргөдлөө өгнө. Намын хяналтын ерөнхий хороо хуралдаж шийдвэр гаргадаг" гэлээ.