УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг НПГ-аас яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг НПГ-аас яллагдагчаар татжээ

"Нүүрсний хэрэгт УИХ-ын хэд, хэдэн гишүүнийг шалгаж эхлээд буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарын есөн гишүүн "нүүрсний хэрэг"-ээр хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа. 

Хоёрдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татсан талаар хуулийн эх сурвалж мэдээлсэн. Гэхдээ нөгөө талд тус гишүүд яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо одоог хүртэл танилцаагүй гэх мэдээлэл ч байгаа юм. Улмаар ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гарган жирийн иргэний адилаар шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. А.Адъяасүрэн гишүүний хувьд дээрх гишүүдээс аль эрт яллагдагчаар татагдан шалгагдаж буй. Харин бусад гишүүдийн хувьд хоёроос гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн гэх. Мөн дээрх есөн гишүүний дөрвийнх нь буюу Н.Наранбаатар, А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ерөнхий прокуророос ойрын хугацаанд оруулж ирэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас гаргасан гэх мэдээлэл байна. Түүний хувьд 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд тус аймгаас УИХ-д сонгогдсон юм.  Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-тай холбоотой үйлдлийг нарийвчлан шалгах явцад Н.Наранбаатартай холбоотой, Засаг дарга байхдаа хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал үүсгэж нүүрс тээвэрлүүлсэн гэх үндэслэл гарч түүнийг яллагдагчаар татжээ.