ВИДЕО: Гуравдагч хөршүүд "дээл өмсөн, монгол хэл”-ээр мэндчилж биднийг хүндэтгэсэн бол, Оросын элчин “тогтвортой байдал” хэмээн 10 жилийн дараа монголоор үг хэллээ

ВИДЕО: Гуравдагч хөршүүд "дээл өмсөн, монгол хэл”-ээр мэндчилж биднийг хүндэтгэсэн бол, Оросын элчин “тогтвортой байдал” хэмээн 10 жилийн дараа монголоор үг хэллээ

Өнгөрч буй долоо хоногт “Сар шинийн баяр” тохиож бүх нийтээр амарч байгаа ч В.Зеленскийтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утсаар ярьсан, “ОХУ нь Украины нутаг дэвсгэрээс ямар нэг болзолгүйгээр цэргээ гарга” гэсэн НҮБ-ын тогтоолд Монгол Улс түдгэлзсэн санал өгсөн гээд манай гадаад харилцаанд олон үйл явдал өрнөсөн долоо хоногт болж өнгөрч байна.

-ГУРАВДАГЧ ХӨРШ ОРНЫ ЭЛЧИН САЙДУУД МОНГОЛ ДЭЭЛЭЭР ГАНГАРЧ, МОНГОЛ ХЭЛЭЭР МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ ОЛОН ХҮНИЙ ТАЛАРХАЛ ХҮЛЭЭВ-

Сар шинийн баярыг тохиолдуулан манай улсад суугаа гуравдагч хөрш орны элчин сайдууд бөхийн өргөөнд зочилж, монголын “Сар шинийн баяр”-т ихэд хүндэтгэлтэй хандаж, манай үндэсний хувцсыг өмсөж, монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн нь олон иргэдийн талархлыг хүлээсэн юм. Тухайлбал, манай улсад суугаа АНУ-ын элчин сайд Ричард Л.Буанган дээл өмсөж, хадаг өргөн, монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн бол АНУ-ын элчин сайдын яамны ажилчид ч монгол үндэсний хувцас өмсөн, золгож буй бичлэгээ нийтэлж Монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн.

Цаашлаад Европын холбооноос манай улсад суугаа элчин сайд хатагтай Аксель Никэйз, Канадын элчин сайд Катрин Э.Ивкоф, Японы элчин сайд Х.Кобаяши, мөн НҮБ-ын суурин төлөөлөгч Илейн Конкиевич гээд бүгд монгол дээл өмсөж монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн. Энэ нь тэд суугаа орныхоо уламжлал, ёс заншил, аж амьдралыг хүндэтгэж буй дипломат соёл юм.

Монголын гуравдагч хөрш орны элчин сайдууд “Бөхийн өргөө”-нд зочилсон юм. Харин тус гэрэл зурагт манай улсад суугаа ОХУ болон БНХАУ-ын элчин сайдууд харагдсангүй.

-ОХУ-ЫН ЭЛЧИН "ТОГТВОРТОЙ БАЙДАЛ" ХЭМЭЭН МОНГОЛООР ҮГ ХЭЛЭВ-

Харин манай улсад суугаа ОХУ болон БНХАУ-ын элчин сайдууд энэ хэмжээнд хандаагүй гэж хэлж болно. Тухайлбал, ОХУ-аас манай улсад есөн жил суусан элчин сайд асан К.Азизов нутаг буцаад удаагүй байгаа юм. Хачирхалтай нь, тэрээр энэ олон жилийн хугацаанд "монгол дээл өмсөж, монгол хэл"-ээр мэндчилгээ дэвшүүлж байгаагүй. Үүнийг зарим иргэд дүгнэхдээ, "К.Азизов монголд есөн жил суухдаа нэг ч монгол үг хэлээгүй" гэж хошигнодог.

Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суух элчин сайдын хэргийг түр хамаарагч Сергей Краминцев энэ удаа мэндчилгээ дэвшүүлж, монголоор хэлд орсон нь сүүлийн 10 жилд байгаагүй Оросын дипломат үйлдэл байв.

Тэрээр мэндчилгээндээ, “туулай жилийн турш эерэг нөлөө үзүүлж, бидний ойр дотно монголын ард түмэнд тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт сайн сайхан бүхнийг авчирч айл бүр аз жаргал дүүрэн байх болтугай” гэсэн юм. Түүний хэлсэн "тогтвортой байдал" гэснийг ард Орос, Украины хурцадмал байдал үргэлжилж байгаа энэ үед Монгол Улс одоогийн байр сууриа сайтар баримтлаарай гэж хэлж байж болзошгүй байгаа.

"Оросын эсрэг НҮБ-ын тогтоолд манай улс түдгэлзсэн санал өгч" байгаа нь олон иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй. Учир нь манай улс тээвэр, цахилгаан, шатахууны хувьд ОХУ-аас хараат тул ийм байр суурь илэрхийлэхээс өөр аргагүй гэж тайлбарлах хүмүүс ч олон байгаа. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн твиттер хуудастаа, "Ардчилсан Монгол улсын чөлөөт иргэдийн хувьд та хэд зөв. Жагс. Эсэргүүц. Орил. Гэхдээ төрийн асуудлыг амар бүү дүгнэ. “Халиуны зулзага” гэж XIX зуунаас бичсээр ирснийг бод. Сөрөх амар. Засаг барих хэцүү. Ард түмнээ илүү сайхан жаргаана гэхээсээ нэмж зовоохгүйн тулд төр оршдог" гэжээ. 

Ямартай ч энэ удаагийн цагаан сарын баяраар манай гуравдагч хөршийн элчин сайдууд уламжлал ёсоор "монгол дээл өмсөж, монгол хэлээр сар шинийн мэндчилгээ" дэвшүүлж, монголчуудад дипломат хүндэтгэл үзүүлсэн бол, манай хойд хөршийн элчин сайд "тогтвортой байдал" хэмээн 10 жилийн дараа монголоор хэлд орсон долоо хоног болж өндөрлөж байна.