Туркийн газар хөдлөлтийн голомт руу Монголоос аврах явсан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх жилийг авлигатай тэмцэх жил болгон зарласан, “Ромын пап манай улсад айлчилна” гэх мэдээллийг олон улсын томоохон мэдээллийн агентлагууд онцолсон гээд олон үйл явдлууд нэгэн зэрэг өрнөсөн долоо хоног болон өнгөрч байна.
Мөн Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаар “Л.Гантөмөрийг АН-ын дарга”-аар бүртгэж, С.Эрдэнэ түүнийг эсэргүүцэж, “тамгыг нь өгөхгүй” гэж мэдэгдсэн нь олны анхаарал татсан үйл явдлуудын нэг байлаа.
-С.БАЯРЦОГТ АН-ЫН ЭВЛЭРЛИЙГ ЭХЛҮҮЛЖ, АН-ЫН БҮЛЭГ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ТОХИРСОН УУ-
Тэгвэл, өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд “би дарга, үгүй би дарга” хэмээн маргалдсан С.Эрдэнэ, Х.Баттулга нарын тэмцэл, хуваагдлын эцэст “АН-ыг эвлэрүүлж, даргатай болгох” ажлыг С.Баярцогт, Ч.Өнөрбаяр нар өнгөрөгч долдугаар сар /2022.07/-д эхлүүлсэн байжээ. Тодруулбал, Шангри-Ла төвд болсон АН-ын гишүүдийн уулзалт, мөн Ц.Элбэгдоржийн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй хийсэн уулзалт зэргийн ард С.Баярцогт, Ч.Өнөрбаяр нар байжээ.
Сонирхолтой нь, өнгөрсөн 2 жилийн гаруй хугацаанд АН-ын даргыг тодруулах сунгаа,санал хураалт нийт таван удаа болж, 22 хүн нэр дэвшсэн байна. Эдгээр санал хураалтад М.Тулгат, О.Цогтгэрэл, Х.Баттулга, Д.Ганбат гэсэн дөрвөн хүний нэр АН-ын даргаар тодорсон ч Улсын дээд шүүх /УДШ/ эдгээрийн хэнийг нь ч “намын дарга”-аар бүртгээгүй байгаа юм.
Харин эцэст нь С.Баярцогтын эхлүүлсэн эвлэрлээс тодорсон Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэжээ. Үүнд мөн УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчидтай тохироо хийсэн байхыг ч үгүйсгэхгүй юм. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн 62 гишүүнээс 10 гишүүн нь “Нүүрс”, “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдсон тул 57 гишүүнийн саналаар батлах ёстой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт АН-ын бүлгийн 11 гишүүдийн дэмжлэггүйгээр батлагдахгүй гэдэг нь тодорхой болоод байгаа тул, тохирсон байхгүй үгүйсгэхгүй.
-З.ЭНХБОЛДЫН ХҮМҮҮС АН-ЫН ДАРГЫН БҮРТГЭЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭН МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ, ЦУСААР УЙЛНА ГЭВ-
УДШ-ийн шийдвэрийн дараа С.Эрдэнэ хэвлэлд өгсөн тайлбартаа, “Л.Гантөмөрт АН-ын тамгыг өгөхгүй” гэсэн бол тэрээр өөрийн хүмүүстээ “Л.Гантөмөрийг бүртгэсэн УДШ-ийн тогтоолыг Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүхэд өгнө” хэмээн ярьсан байна. Харин даргатай болсон АН-ын зарим гишүүд, “цагдаад хандаж С.Эрдэнээс АН-ын тамгыг авна” хэмээн ярилцаж байгаа бөгөөд АН-ын санхүүд хувийн аудитын байгууллагын шалгалт оруулна гэжээ.
Учир нь С.Эрдэнэ энэ хугацаанд ҮБХ-ны гишүүдийн татвар, нэр дэвшигчдийн дэнчин гэх нэрийдлээр олон тэрбум төгрөгийг бусдаас авч, хувьдаа зарцуулсан байж магадгүй байгаа ажээ.
Сонирхолтой нь, “Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэх” УДШ-ийн хурал болж байх үеэр С.Эрдэнэ болон З.Энхболд нарын төлөөлөл болох А.Цэрэнбат, И.Мөнхжаргал, О.Батханд нарын хүмүүс тус шүүх гадна хэвлэлийн хурал хийж, “Л.Гантөмөрийг намын даргаар бүртгэх юм бол АН-ын гишүүд босно, тэмцэнэ. Тэдний тэмцлийг цусаар уйлаад ч зогсоож чадахгүй” хэмээн мэдэгдэл хийсэн нь бусдын “гайхширал”-ыг төрүүлсэн юм. Учир нь энэ үеэр Х.Баттулгын хүмүүсийн төрийн ордны гадна мэдээлэл хийж, “иргэн Д.Мөнх-Эрдэнийг суллах”-ыг шаардаж байлаа.
ВИДЕО: З.Энхболдын хэвлэлийн төлөөлөгч О.Батханд "АН-ын даргын бүртгэл"-ийг эсэргүүцэн мэдээлэл хийв.