Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны "Нотлох баримтыг шинжлэн судлах" хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд 39 гэрчийг дуудсан. Тэдний нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга юм. Түүнийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой асуудалд гэрчээр дуудсан юм.
Шинжээчийн дүгнэлттэй танилцсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Энэ яг юу нь болохгүй болчихоод байгаа юм бол. Ерөөсөө би ойлгохгүй байна. Монгол Улс газрын баялгаа боловсруулах ёстой гэж ойлгоод УИХ, Засгийн газрын тогтоол он цаг бүрээрээ гарчихсан. Бидний хувьд анхны юм, бид мэдэхгүй шүү дээ. Анх удаагаа боловсруулах үйлдвэр гэдэг зүйл яригдаад би нэлээн гэгээлгээр ажлыг нь хийгээд явсан. Би үүгээрээ бахархдаг, дуусгана ч гэж бодож байна. Нийт 5 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Монголын Засгийн газар 34 хувийг оруулахал 1.7 тэрбум доллар болно. Үлдсэн 66 хувь дээр хувийн болон гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах ёстой юм. Энэ ажлыг би өөрөө хариуцвал дуусгаж чадна.
Өнгөрсөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хугацаанд энэ ажлуудыг хийгээд өнөөдөр Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр зам зэрэг янз бүрийн зүйл хийсэн. Өнөөдөр Засгийн газар Сайншандад оруулсан хөрөнгөө үнэлэхэд хоёр тэрбум төгрөг болно. Монгол Улс 34 хувь эзэмшинэ, 66 хувьд нь гадныхныг урьж байна гээд зарлах ёстой шүү дээ. Харамсалтай нь, намайг АТГ-аас яг энэ асуудлаар бүтэн жил шалгасан. Баахан хүн аваачиж шоронд хийсэн. 35 мянган га газарт үнэлгээ хийх чинь амар ажил биш. Би Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг баригдах ёстой гэдэг дээр одоо хүртэл итгэлтэй байдаг. Юун татан буулгах асуудал яриад байгаа юм бэ. Би хариуцаад хийвэл дуусгачихна. Ч.Хүрэлбаатар бол Монгол улсын үйлдвэртэй болох бүх ажлыг жадлан эсэргүүцдэг" гэлээ.
ҮЗЭХ: